Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжлээ

img

Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжжээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад тус шүүхийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг Засгийн газарт оруулахыг салбарын сайд нарт даалгасан байна.

Хуралдаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ын дарга Ц.Зориг, тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар оролцож давж заалдах шатны шүүхийг байгуулах шаардлага болон түүнд шаардагдах төсвийн талаар танилцуулсан байна.

Тус шүүхийг байгуулж, ажиллуулснаар хэргийг дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчид хянан шийдвэрлэх боломжтой болж, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн давхардал арилж, тухайн шүүхүүд шат шатандаа шүүх эрх мэдлийг  бие даан хэрэгжүүлэх боломжтой болох ажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах нь шүүхэд эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд томоохон нөлөө болохуйц асуудал бөгөөд энэ санал УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа юм.

Дашрамд дурдахад судалгааны дүнгээс үзэхэд захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн  нийт хэргийн 60 орчим хувийнх нь шийдвэр иргэдийн талд гарсан байдаг бөгөөд уг шүүхийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ