“Ой тогтоолтын үндэсний аварга”-ын оролцогчид найман төрлөөр өрсөлдөнө

img

“Монголын Оюун Ухааны Академи”-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах оюуны спортын энэ удаагийн тэмцээнийг БСШУЯ, ТВ8 телевизтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээний хоёрдугаар шат “Ой тогтоолтын үндэсний аварга-2012” нэртэйгээр энэ сарын 17-ны бямба гарагт Чингис Хаан зочид буудалд 09.00 цагт эхэлнэ. Уг тэмцээний эцсийн шалгаруулалтанд оюуны спортын 50 тамирчин хоёртын тоолол, нэр зүс царай, баганан үгс, түүхэн үйл явдал, дуут цифр, тооны марафон, хүн хуанли, хөзрийн дараалал зэрэг ой тогтоолтын нийт найман төрлөөр өрсөлдөх юм байна. Уг тэмцээн нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих улмаар Монгол улсын нэрийг олон улс, тив дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг төрүүлэх мөн хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдог гэдгийг харуулах зорилготой аж. Энэ удаагийн тэмцээний шагналын сан гурван сая төгрөг бөгөөд оюуныг дэмжигч Хадгаламж банк, JCI УБ Централ салбар байгууллага ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. 2011 онд анх удаа зохиогдсон тус тэмцээнд шалгарсан оюуны спортын тамирчид “Ой тогтоолтын дэлхийн аварга-2011” тэмцээнд өрсөлдөж нийт 125 тамирчдаас TOP-10-т шалгарч, хоёр тамирчин Ой тогтоолтын Олон Улсын Их Мастерийн болзлыг ханган Монгол Улс багаараа хүрэл медаль хүртэж байжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ