АНУ-ын иргэн Монголд барьцаалагдсан уу
АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат Жон Мартин Кийн Монголд барьцаалагдсан байж болзошгүй хэмээн тус хотын нэгэн сонинд бичжээ. Жон Мартин Кийн нь Дархан хотоос энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр цахим захидал илгээснээсээ хойш сураггүй болсон байна. Жон Мартин Кийн 45 настай, Агаарын Хүчинд алба хааж байсан бөгөөд Тайванд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад Монголоос бизнесийн санал авч, Дархан хотод ирсэн аж.
Ар гэрийнхэн нь түүнийг барьцаалагдсан байх хэмээн санаа зовниж Төрийн Департамент болон Монгол, Хятад дахь Элчин Сайдын Яамдыг сайтар идэвхтэй ажиллахыг шаардаж байгаа аж.
Монгол дахь ЭСЯ-ны консул Алисса Бибб “ Кийнийг холбогдох газруудаас эрэн сурвалжилж байна. Түүний сураггүй болсонд сэжигтэй олон зүйл бий. Бид ажилласаар байгаа” хэмээн ар гэрийнхэнд мэдээлжээ. Энэхүү мэдээллийг бид өчигдөр шөнө авсан учраас ГХЯ болон холбогдох газруудаас тодруулах боломж байсангүй. Энэ талаар өнөөдөр тодруулж мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ