Ч.Амарболд нар шүүгдэнэ

img

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.30 цагаас хаалттай болно.

Хэдийгээр цагдаагийн удирдлагуудад холбогдох хэрэг нууцад хамаарахгүй ч төрийн нууцтай холбоотой зүйл яригдаж болзошгүй гэж үзсэн учир шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болжээ. 

 Өнгөрөгч сард хойшилсон шүүх хурлын үеэр  Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт  гаргасан.

 Тэрхүү хүсэлтийн дагуу шүүхээс дээрх хүмүүст зарлан хуудас илгээсэн билээ. Харин яг одоогоор тэднээс хэдэн хүн шүүх хуралд хүрэлцэн ирж гэрчээр  мэдүүлэг өгөх нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нар шаардлага гарвал мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хуулиараа тэд заавал шүүх танхимд хүрэлцэн ирж мэдүүлэг өгөх албагүй. Зарим тохиолдолд бичгээр мэдүүлгээ илгээж болох юм байна. Хурлын мэдээллийг цаг тухайд нь уншигчддаа шуурхай хүргэнэ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ