
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хатагтай Пайпер А.У.Кемпбэллийг /Piper. A.W. Campbell/ Монгол Улсад суух элчин сайдаар томилох саналаа АНУ-ын Сенатад хүргүүлсэн байна.
Сенат нь засаг захиргааны аливаа томилгоонд зөвлөх болон зөвшөөрөл өгөх эрхийг Үндсэн хуулийн дагуу эдэлдэг, гэхдээ дээрх томилгоог санал нэгтэйгээр батлах магадлалтай. Дараа нь Сенатын Гадаад харилцаа эрхэлсэн хороонд тухайн томилгооны талаар сонсгол явагдана. 6 дугаар сард багтаан уг томилгоог батлах байх гэж Төрийн Департамент найдаж байна.
Учир нь зургадугаар сарын сүүлчээр болох хоёр намын их хурлын үеэр Конгресс удаан хугацааны завсарлага авах бөгөөд наймдугаар сард мөн ээлжит завсарлага авах юм. Хатагтай Кемпбэлл энэ намар гурван жилийн хугацаатай үүрэгт ажлаа дуусгах Жонатан Эддлтоны халааг авна. Хатагтай Кемпбэлл Гадаад харилцааны албанд 1989 оноос хойш ажиллаж байна. 2011 оны долдугаар сараас өдгөөг хүртэл Иракийн өмнөд хэсгийн Басра хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын Ерөнхий консулын алба хашиж байсан. Тэрбээр өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын Менежмент болон Нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Жэкоб Люгийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Иракийн шилжилтийн үйл явцын төлөвлөлтийг хариуцаж байв.
Гадаад орнуудад ажиллахдаа хашиж байсан албан тушаалууд:
2006-2009 онд Камбож дахь АНУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх,
-Женев хот дахь НҮБ-ын байгууллагуудын дэргэдэх АНУ-ын Төлөөлөгчийн газрын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх,
-Хорват улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын захирал
-Хорватын Зүүн Славон дахь НҮБ-ын Шилжилтийн засаг захиргааны Иргэний хэрэг хариуцсан захирлын ахлах зөвлөх,
-Бельги улсад Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн,
-Филиппин улсад Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Консулын албаны ажилтнаар тус тус ажиллаж байв.
Харин АНУ-д ажиллаж байхдаа НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын Азийн асуудал эрхэлсэн зөвлөх, Олон улсын байгууллагуудын Товчооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, Төрийн Департаментын Үйл ажиллагааны төвийн Хяналтын мэргэжилтний албыг тус тус хашиж байжээ.
Хатагтай П.Кемпбэлл Нью-Йорк муж улсын Баффало хотод төрсөн. Жоржтауны Их сургуулийн Гадаад харилцааны сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэрэг, Харвардын Их сургуулийн Кеннедигийн сургуулийг Удирдлагын ухааны магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ