Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг хорих шийдвэр гаргалаа
Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимийн гадаа цагдаагийн ар гэрийнхэн шүүх рүү нэвтрэн орохоор үймээн дэгдээж байна. Үүний өмнө шүүх хурлын танхимаас хохирогч нарыг гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм.
Шүүхийн танхимаас гарсан хохирогч Ц.Энхбаярын мэдээлснээр “Шүүх бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаад даргалагч шүүгч алхаа цохисон” хэмээсэн юм.
Түүний энэ үгийг сонссон Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагсаж байсан цагдаагийн ар гэрийн төлөөлөл шүүхийн байр руу нэвтрэхээр дайрч, цагдаагийн хамгаалалтынхан тэднийг дотогш нэвтрүүлэхгүй хэмээн үймэлдэж байна. Дотогш нэвтрэхээр дайрч байгаа хүмүүсийн нэг болох Б.Батболд “Бид 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг гарахад хэргийн газар байсан хүмүүс. Юу болсныг нүдээр харсан.
Тухайн үед хэргийн газар цагдаа, ард түмэн хоорондоо тэмцэлдээгүй. Энэ хоёр нам л тэмцэлдэж байсан. Хэрэв ард түмэн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бол АН-ын байрыг ч мөн шатаах байсан” гэв.

Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ