Элчин сайд Ли Тэ Ро Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсны нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ли Тэ Ро-д хоёр орны харилцааны шинэ үе шат болох “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх, мөн Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараагаа эхэлж буй чухал, хариуцлагатай цаг үед Монголын асуудлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай хүн томилогдон ирж буйд баяртай байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүссэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр тохирч, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь харицлааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтойг онцлов. Мөн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хоёр орныг нэгтгэж байдаг нэгэн чухал үнэт зүйл бол ардчилал юм. БНСУ нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн талархаж байдаг. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаандаа бүс нутгийн, түүний дотор Азийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахыг зорьж байна. БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран дэвшүүлсэн “Ардчиллын төлөөх Азийн түншлэл”-ийн санаачилгыг хөгжүүлэх чиглэлээр Солонгосын тал идэвхитэй санаачилга гаргаж байгаад талархаж байна” гэв.  Мөн тэрээр, “Цаашид хоёр улсын хооронд боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй гээд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн ажлуудад өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов”. Дараа нь Элчин сайд Ли Тэ Ро хэлэхдээ, “Дэлхийн ардчиллын ололт амжилтын нэгэн үлгэр дууриал болсон, эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй Ардчилсан үзэл санааны манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч таньд миний бие өөрийн улсыг төлөөлөн ИЖБ-ээ барьж буйдаа баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгааг бид дэмжиж байгаа. Монгол Улсын хувьд эрчимтэй хөгжлийн түүхэн цаг үе ирж байна. Монгол Улс БНСУ Иж бүрэн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх энэ түүхэн цаг үед миний бие шинэ албанд тохоон томилогдож ажиллахаар болсонд баяртай байна. Цаашид Монгол Улс, БНСУ хоорондын харилцааг хөгжүүлэхдээ хоёр зүйл дээр анхааран ажиллах болно. Нэгт, хэдийгээр хоёр орны иргэд хоорондын харилцаа идэвхитэй сайн байгаа ч үүнийг улам бүр идэвхижүүлж, харилцахад илүү амар хялбар болгох, тухайлбал зорчих виз, цаашлаад нислэгийн хувьд элдэв хүндрэлгүй болгоход анхааран ажиллана. Хоёрт, дэд бүтэц, зам тээврийн салбарт харилцаагаа илүү өргөжүүлэн ажиллахыг зорилго болгож ажиллана” хэмээв. Элчин сайд Ли Тэ Ро нь Хангугийн их сургууль, Бээжингийн их сургууль, Стэнфордын их сургуулиудад боловсрол эзэмшсэн, олон улсын харилцааны доктор цолтой. Тэрээр 1990 онд хоёр улс дипломат харилцаа тогтоох үед болон 2006 онд БНСУ-ын ГХЯ-нд Монголын асуудлыг хариуцан ажиллаж байсан дипломат албанд 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан дипломатч юм. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
2012-03-14