
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын хүрээнд төмс, хүнсний ногооны үрийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд нэг сарын хугацаатай шалгалт хийжээ. Шалгалтад, ХХААЖДҮГ-ын агрономич, Алтанцөгц сумын мэргэжилтэн, иргэн М.Насанбатын 10 тн зоорь, А.Бахытбекийн таван тн зоорь, Д.Хабылханы таван тн багтаамжтай зоорь, Баяннуур сумын агрономич, иргэн Х.Ханатханы 25 тн зоорь, “Сар бөрик” хоршооны эзэн Ж.Хуанышын 25тн зоорь, Ж.Алмабекийн 10 тн зоорь, н.Музиканы 10 тн багтаамжтай зоорьнуудыг хамруулжээ.
Шалгалтаар хадгалж, борлуулж буй төмс, хүнсний ногоо, бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээгүй, зоорийг барьж байгуулах, өргөтгөл хийж, ашиглалтад оруулахаас өмнө дүгнэлт гаргуулаагүй, бүтээгдэхүүний чанарын талаар байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, зооринд халдваргүйтгэл хийх гэрээ байгуулаагүй, ариутгал хийлгэсэн тухай актгүй, зоорины температур хэмжигч, чийг хэмжигчийг байрлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн ургамал түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, борлуулах явцад ургамлын эрүүл ахуйн үзлэг хийлгээгүй, таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, төмс, хүнсний ногооны хавар тарих үрийг худалдаалах, бусад шилжүүлэхэд өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтад хамруулаагүй байжээ.
Мөн одоо төмс, хүнсний ногоо тариалж байгаа, хуучин САА-ийн үед ашигласан талбайд олсны төрлийн хогын ургамлын тархац ихтэй, ургамал хамгаалах химийн бодис ашигласан ч устгах боломжгүй байгааг нэгдсэн бодлогоор зохицуулах нь зүйтэй байна гэсэн саналыг ХХААХҮЯамд хүргүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ