С.Ганбаатар:Би цэрэг биш үүргээ биелүүлсэн цагдаа
Монголын цагдаагийн байгууллагын салбарт дэслэгчээс хурандаа, генерал болтлоо хоёргүй сэтгэлээр зүтгэсэн албан хаагчид өчигдөр төрийнхөө сүлдний өмнө шүүгдэхээр зогслоо. Тэд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар 30 гаруй жил нойроо умартан хөдөлмөрлөснийхөө төлөө шүүгдэгчийн пайз зүүсэн нь энэ юм. Хурлын завсарлагаанаар 2008 оны үймээний үеэр галын шугамд үүрэг гүйцэтгэсэн Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатартай цөөн хором ярилцлаа.
-Таны хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарлах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Энэ хэр үндэслэлтэй шийдвэр юм бэ?
-Миний асуудлыг тусад нь авч үзсэнийг огт ойлгосонгүй. Хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Манай өмгөөлөгч албан ажлаар Солонгос улс руу 21 хоногийн хугацаатай гуравдугаар сарын 8-ны өдөр явсан. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг манай өмгөөлөгч гаргасан. Харин тэр хүсэлттэй танилцаад шүүх хурлыг хойшлуулах боломжгүй гэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус. Хуульд зааснаар өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгтэй тохиолдолд хурал хойшлох үндэслэл болно гэсэн заалт бий. Хоёрдугаарт бидэнд холбогдуулан үүсгэсэн энэ хэргийг нэг цулаар нь шийдэх ёстой хэрэг. Шүүх бүрэлдэхүүнд түдүгэлзүүлэах шаардлага байхгүй, нэг цулаар нь шийдэж өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээж авах боломжгүй гэлээ.
-Өмгөөлөгч гадаадад явсан тухай баримт хангалтгүй гэж үзсэн юм биш үү?
-Шүүх хуралдааныг явуулахгүй байх саад хийж байна гэж шүүгч нар үзэх хандлага гаргаж байгаа бол би нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Манай өмгөөлөгч Д.Оросоогийн 21 хоногийн томилолтын хугацаа дуусах хүртэл хүлээх боломжгүй гэвэл нэмж өмгөөлөгч авая гэдэг асуудал тавьсан. Түүнээс нэмж өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Өмгөөлөгч албан ажлаар явах нь ганц надаас шалтгаалахгүй. Тэр хүн өөр олон хэрэгт өмгөөлөл үзүүлдэг. Энэ шугамаараа албан ажлаар явах шаардлага гарсан гэж би ойлгож байгаа. Миний асуудал чухал, бусад үйлчлүүлэгчээ хая гэж хэлэх эрх надад байхгүй. Д.Оросоо өмгөөлөгч байцаан шийтгэх хуулийн дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ гаргасан байхад үүнийг хэрэг тусгаарлах үндэслэл болгож байгаа нь хууль бус ажилллагаа юм.
-Таны өмгөөлөгч байхгүй гэх үндэслэлээр хэргийг салгаж байгаа нь энэ хэргийн агуулга алдагдаж байгаа юм биш үү?
-Бид дөрөвт холбогдуулж буй энэ хэргийг нэг дор нэг шүүх хурлаар асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл зарим нэгийг нь тусгаарлаад зарим нэгийг нь шүүх гэж байгааг хууль бус гэхээс аргагүй. Энэ бол шүүх улс төрийн дарамт шахалтад орсон юм биш биз дээ гэсэн хардлагыг төрүүлах хэмжээнд очиж байна.
-Гэрчүүд тухайн үед ҮАБЗ дээр буудах тушаал , галт зэвсэг хэрэглэх, хэрэглэхгүй тухай заавар чиглэл өгсөн байх тухай ярьсан байдаг юм билээ. Энэ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?
-Цагдаагийн байгууллага урьд нь үүргээ гүйцэтгэж байсан, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр ч цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ерөнхийлөгчийн 194 тоот зарлигийг хэрэгжүүлсэн. Гуравдугаарт тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилласан. Үүнийхээ хариуд золиослогдож байгаадаа харамсч байна.
- Шүүх хурал болсноор цагдааг буруутай гэх олон нийтэд төрсөн ойлголтыг зөвтгөх гээд байгаа юм биш үү?
-Цагдаа буудсан гэдэг асуудал тогтоогдоогүй. Цагдаа нар үймээнийг тараасан, гэвч одоо буудсан хэрэгт ороод байна. Цагдаа тараасан нь үнэн, тэр бол цагдаагийн үүрэг. Жишээ нь 34 ширхэг сумны хонгионы тал нь нийслэлийн хэмжээний бүх буутай харьцуулахад таарахгүй л байгаа. Тэр хэнийх гэдгийг тогтоохгүй байж цагдаа буутай явсан, цагдаа буудсан гэж тохож байгаа нь орчин үеийн хэлмэгдүүлэлт.
-Нэг ч цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг та 100 хувь батлах уу?
-Хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг нэг мөр ойлгоход эргэлзээтэй. Цагдаагийн алба хаагчид галт зэвсэгтэй явсан, сургалтын сум хэрэглэсэн нь үнэн. Энэ нь нэг талаас хэрэглэсэн гэж ойлгогдохоор. Галт зэвсэг хэрэглэсэн боловч байлдааны сум хэрэглээгүй гэдэг зааг ялгааг ойлгохгүйгээр хэрэглэсэн гэж мушгин гуйвуулаад байгаа. Сургалтын сум хэрэглэсэн гэдгээ хүлээж байгаа.
-Х.Тэмүүжин гишүүний хийсэн мэдэгдэл, цагдаагийнхан байлдааны сум хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байгаа талаар ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Х.Тэмүүжин гишүүн шалгуулах шаардлагатай юмаа албан ёсоор шалгуулах хэрэгтэй л дээ. Гэхдээ Х.Тэмүүжин гишүүнийг буруу ойлгож, буруу ярьж байна гэж хэлнэ. Нөгөө талаас цагдаагийн байгууллага урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай жагсаалд нүцгэн гараараар орсон. Нэг үгээр хэлбэл хүний баасан дээр хальтраад уначихсан. Хэн нэг хүний зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг намжаахаар нүдээ аньж орсон. Сургалтын сумтай буутай зогсч байсан.
-Таны удирдаж байсан Хэв журам хамгаалах газар ямар чиг үүрэгтэй ажиллаж байв. Энэ хэрэгт таны оролцоо юу байдаг вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарын л нэг хэсэг байсан шүү дээ. Тухайн үед хамгийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн. Хэрэгт ямар ороолцоо байсныг прокуророос асуух хэрэгтэй байх. Цагдаагийн удирдлага, алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн л оролцоо байгаа. Үүнийг л мушгин гуйвуулаад байгаа юм.
-Цагдаагийн удирдлагуудад заавар чиглэл өгсөн хүнийг нэрлэж болдоггүй юмуу?
-Би цагдаа. Би цэрэг биш. Тусдаа хуультай, тусдаа тангарагтай, тусдаа хийдэг ажилтай хүмүүс. Биднийг өнөөдөр хууль бусаар туугаад авчирчихлаа.
-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан бэ?
-21 жил. Хуучин эргүүл хамгаалалтын газарт цагдаагаар ажиллаж байгаад дараа нь хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ажилласан. Ингээд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга, Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байгаад сүүлд НЦГ-т ирсэн. 2008 оны долдугаар сард Хэв журмын хэлтсийн даргаар ирээд гурван жил болж байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ