
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохироож, олон хүнийг гэмтээж бэртээсэн хэрэгт буруутгагдсан цагдаагийн ар гэрийнхэн өнөөдөр УИХ-д хандлаа. "Цагдаагийн ажилтан ба ар гэрийнхний холбоо" ТББ, Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс хөдөлгөөний төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Төрийн ордны баруун жигүүрийн нэгдүгээр давхар дахь Уулзалтын өрөөнд хүлээн авч уулзсан юм.
"Цагдаагийн ажилтан ба ар гэрийнхний холбоо" ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл ярихдаа “УИХ-ын сонгуулийн дараа болсон энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдыг шалгаж, өргөсөн тангаргаа биелүүлснийх нь төлөө цэргийн гэмт хэрэгт буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Үүнээс болж цагдаа, ард иргэд хоорондоо талцан, нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлж байна. Хохирогчийн тал шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлага тавьсан ч хурал хаалттай хаалганы цаана болж, татгалзсан шүүх нь өнөөдөр цагдан хорих арга хэмжээ авч байна. Энэ хэргийг шалгаж буй байдлыг харахад шүүхийн бие даасан байдал байхгүй, дээд шатны шүүхээс нөлөөлж байна гэсэн сэтгэгдэл төрж байгаа тул энэ хэргийн талаарх шүүх, прокцрорын байгууллагын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шалгаж, тухайн асуудлаар УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийг нэн даруй ажилд нь оруулж өгнө үү” гэж хүслээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж уг яриаг анхааралтай сонсоод:
-Долдугаар сарын нэгний ужиг асуудал шийдэгдэхгүй удаж байгаа нь ард иргэдийн санааг үнэхээр зовоон хүлээлт үүсгэсэн асуудал мөн. Энэ жил УИХ-ын сонгуулийн жил учраас улс төрийн намуудын өрсөлдөөн хэдийнэ эхэлчихсэн, уг асуудал ч хурцаар тавигдаж байгаагийн дээр үүссэн нөхцөл байдлыг нийт ард түмнээрээ, УИХ ч сайн мэдэж байгаа. Та бүхний УИХ-д хандаж буй асуудлыг УИХ-ын дарга болон Хуульзүйн байнгын хорооны дарга, холбогдох хүмүүст танилцуулна. Байнгын хорооны дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул УИХ-ын удирдлагын шийдвэрээр би та бүхэнтэй уулзаж байгаа юм. Ажлын хэсэг өөрийнхөө шугамаар ажиллаж тодорхой шийдвэр гаргана байх. Тэгэхдээ УИХ хууль тогтоох төрийн дээд байгууллага ч гэсэн шүүхийн хараат бус байдлыг дээдэлж, шүүх, прокурорын байгууллагын хэрэг хянан шалгах ажиллагаа, гаргаж буй шийдвэрт хөндлөнгөөс оролцон Үндсэн хууль зөрчих эрх байхгүй. Нөгөө талаас дүүргийн буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг дээд шатны шүүх бий. Хэргийг шалгасан байдал, гаргасан шийдвэрээр Нийслэлийн шүүхэд хандаж болно. Ер нь Монгол Улсын хуулийн байгууллага ямар боловч хуулийг дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй, цаашдаа ч ингэж ажиллах байх. Хуулийн байгууллага энэ хэргийг сэтгэл хөдлөлөөр бус, захиалгаар бус, үнэн шударгаар шийдвэрлэх учиртай юм.
Энэ оны 2-р сарын 15-нд гаргасан 23 тоот тогтоолоор УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тус хэсэг өчигдөр ч хуралдсан, тэгэхдээ нэг удаагийн хурлаар бүх асуудал шийдвэрлэгддэггүй гэдгийг та бүхэн ойлгоно биз. Хэргийг үнэн зөв шалгаж байгаа эсэхийг хянах нь үнэхээр амаргүй бөгөөд УИХ-ын ажлын хэсэг ямар асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөхөө өөрөө мэднэ. Харин энд нэг л зүйл тодорхой: Шүүхээр шийдвэрлэж буй эрүүгийн хэрэгтэй холбоотой ямар ч асуудалд ямар ч том байгууллага, албан тушаалтан нөлөөлөх, оролцох эрхгүй, Улс төр, хууль хоёр хоорондоо холилдох ёсгүй, өөр өөрийнхөөрөө байх ёстой. Тэгээд ч цаашдаа ийм ноцтой явдал гаргуулахгүйн тулд бүх нийтээрээ, иргэн бүр дор бүртээ хичээх ёстой юм гэлээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ