
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар энэ сарын 13-ны өдөр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саясонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна.
Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс нь БНАЛАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид хоёр болон олон талын хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Тэрбээр 2012 онд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэхүү ой нь хоёр улс хагас зууны харилцааны туулсан замыг эргэн харж, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох сайхан боломж гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Чуммали Саясон Лаос, Монголын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд хоёр орны Засгийн газар болон хувийн хэвшлүүдийн хооронд тохирон хэрэгжүүлж буй олон санал санаачилга нь хоёр ард түмний хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ