
Вьетнам улсын нийслэл Ханой хотноо энэ сарын 12-16-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр бага хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Удирдах ажилтнуудын энэхүү уулзалтаар хүнсний баталгаат байдал болон хөдөөгийн ядуурлыг бууруулах үндэсний болон бүсийн бодлогыг боловсруулах талаар хэлэлцжээ. Мөн энэ үеэр сайд нарын дээд хэмжээний уулзалт эхлэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Монгол Улсын ХААХҮ-ийн салбарт сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулга хийсэн байна. Мөн 2014 онд болох 32 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тус асуудал хуралд оролцсон 44 орны төлөөлөгчдийн дийлэнх олонхын дэмжлэгийг авснаар 2014 оны НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
Дашрамд дурдахад, дэлхий нийтийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарыг хөгжүүлэх замаар өлсгөлөн ядууралтай тэмцэх НҮБ-ын мандатыг хэрэгжүүлэгч төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад Монгол Улс 1974 онд гишүүнээр элсэн орсон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ