
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай Засгийн газраас оюутанд олгож байгаа 70 мянга болон 500 мянган төгрөгийн талаар ярицлаа.
-Засгийн газраас оюутан бүрт 70 мянган төгрөг олгохоор шийдвэрээ гаргасан. Гэтэл энэ мөнгөө өнөөдрийг хүртэл зарим сургуулийн оюутнуудын гар дээр очихгүй байна гэсэн гомдол манай сайтад их ирсэн. Олгож байгаа зарим сургууль нь энэ 70 мянган төгрөгнөөс нь хичээл дасалсан, лекц дутуу гээд торгууль ногдуулаад байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-БСШУЯ-наас 70 мянган төгрөгийг их, дээд сургууль хэрхэн олгож байгаа талаар шалгалт явуулж байгаа. Шалгалтын явцад эхний I, II сард их асуудал үүссэн байсан. Учир нь ихэнх сургууль оюутандаа бэлэн мөнгө шууд олгох нь хүндрэлтэй тул арилжааны банкаар дамжуулан карт нээж өгсөн байна. Үүнтэй холбоотой цаг хугацааны хувьд асуудал гарсан байсан. Мөн зарим сургууль шууд сургалтын төлбөрт нь суутгаад авсан зөрчил гарсан. Энэ мөнгийг сургалтын төлбөрт суутгуулж болно. Гэхдээ оюутан өөрөө хүсэлтээ гаргаж, сургууль даа өргөдөл өгсөн тохиолдолд л ингэж авах ёстой. Үүнийг бид засуулна. Ийм асуудал МУИС дээр гарсан. Бусад сургуулийн хувьд элдэв асуудал гаргалгүй гайгүй шийдсэн байна лээ.
-Он гаргаад гурван сар гаруй хугацаа өнгөрч байхад 500 мянган төгрөгөө авч чадаагүй оюутан байна. Ямар учраас өнөөдрийг хүртэл асуудал үргэлжилсээр байна вэ?
-500 мянган төгрөгийн хувьд Эх орны хишиг гэж иргэн бүрт 1.5 сая төгрөг олгогдох ёстой. Сар бүр иргэнд 21 мянган төгрөг өсгөөр энэ нь 500 мянга болж байгаа. Үлдсэн саяас өнгөрсөн жил оюутан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг авсан. Энэ хичээлийн жилд дахин авч болно. Гэхдээ үүн дээр оюутан нэг зүйлийг их зөв ойлгох ёстой. Ойлголтын зөрүүнээс болж багагүй асуудал үүсч байна. Тухайлбал, өнгөрсөн жил өргөдлөө өгч 500 мянган төгрөгөө авсан оюутаны төлбөр энэ жил шууд автоматаар орно гэж ойлгосон хүүхэд байна. Журмынхаа дагуу энэ жил хороо хорины нийгмийн ажилтнаар дамжуулж өргөдлөө өгөх ёстой. Энэ иргэн хүний сонголт учраас үүнийгээ баталгаажуулах хэрэгтэй.
-Гадаадад сурч байгаа олон хүн Засгийн газраас олгож байгаа 500 мянган төгрөгийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ боломжтой юу?
-Гадаадад боловсрол эзэмшиж байгаа залуучууд энэ мөнгийг авах боломжгүй. Учир нь хууль нь батлагдахдаа Монгол Улсын үндэсний их, дээд сургуульд гэж заагдсан. Гадаадад сурч байгаа хүүхдэд Засгийн газраас Сургалтын төрийн сангаар дамжуулан сургалтын тэтгэлэг байдлаар дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт оруулсан. Энэ нь тусгай журмаар зохицуулагдаж байгаа. Иргэн хүний сонголтын асуудал учраас заавал өргөдлөө өгөх ёстой. Одоо бидэнд байгаа мэдээллээр Нийгмийн халамжийн газраар дамжиж өргөдөл нь ирэхгүй байгаа олон оюутан үүнийгээ ойлгохгүй төлбөрөө хийж чадахгүй явж байгаа. Оюутнууд маань өөр нэг зүйлийг бодох ёстой.
-Юу вэ?
-Хэрэв би оюутан байсан бол 500 мянган төгрөгөө авахгүй байсан. Тавантолгойн хувцаа хэдэн төгрөг хүрэхийг бид мэдэхгүй. Гэхдээ 500 мянган төгрөгнөөс илүү үнэд хүрэх нь ойлгомжтой зүйл. Ийм боломжоо алдаад байна.
-Зарим сургууль сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн хүүхдүүдийн төлбөрөөс 500 мянган төгрөгийг нь буцаан олгохгүй байна гэсэн. Ирэх жилийн төлбөрт нь хэмээн урьдчилан авч байгаа энэ үйлдэл хуулийн хүрээнд хийгдэж байгаа зүйл үү?
-Энэ хууль 2012 онд хэрэгжээд дуусна. Тиймээс ирэх жилийн төлбөр нь хэмээн хураан авч байгаа сургууль байгаа бол манай яаманд яаралтай гомдол гаргах хэрэгтэй. Бид асуудлыг богино хугацаанд шийдэж өгнө.
-Энэ жил сургуулиасаа чөлөө авч байгаа зарим хүн ирэх жилийнхээ төлбөрийг ийм байдлаар шийдвэрлүүлж болох уу гэсэн асуултыг ихээр асууж байна?
-Хүний хөгжил сангийн тухай хууль 2012 оны зургадугаар сар хүртэл үйлчилнэ. Тиймээс энэ хугацаанд журмынхаа дагуу олгогдоод л дуусна.
-Орон нутгийн багш нарын цалингийн нэмэгдийн асуудал олон хүний анхаарлыг татаж байх шиг байсан?
-Боловсролын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хаврын чуулганаар хийнэ. Бид одоогоор 10 нь катигор дээр хөдөө ажилласны нэмэгдэл олгохоор тусгасан. Үүнд сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, номын санч, эмч, албан бус боловсролын багш, дотуур байрны багш гэх мэт албан тушаалтан орсон. Дээр нь сургуулийн туслах ажилтан буюу галч, тогооч, үйлчлэгч гэх мэт хүний асуудал орж ирсэн. Энэ асуудал хуулин дээр эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа. Засгийн газрын хувьд энэ асуудлыг бодлогын хувьд дэмжиж байгаа.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ