
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг багасгах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн Дотоод Хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас төв зам болон ачаалал ихтэй хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн цагт өөрчлөлт орууллаа. Тухайлбал Энхтайвны гүүр, 120 мянгатын замын ачааллыг багасгах зорилгоор Хөдөө Аж Ахуйн их сургуулийн хичээл өглөө 08.40-д эхэлдэг байсныг 10.00 цагаас болгож өөрчилжээ.
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд 16.000 оюутан суралцдаг. Бусад их дээд сургуулийн оюутны тоог гаргавал төрийн ордныг тойрсон их дээд сургуульд нийт 30.000 оюутны хичээл 09.00 цагт эхэлж байгаа нь авто замын хөдөлгөөнд хүндрэл учируулдаг байна. Иймд оюутан сурагчдын хичээл эхлэх цагийг төрийн болон төрийн бус байгууллагын ажил эхлэх цагтай зөрүүлэх шийдвэрийг сургуулийн захирал болон удирдлагуудтай зөвлөлдөж гаргажээ.
Мөн зөвхөн оюутан сурагчдын хичээлийн эхлэх цагийг өөрчлөх бус Улаанбаатар хотын томоохон худалдааны байгууллагын удирдлагуудтай ирэх долоо хоногт уулзаж цагийн зөрүүг хэрхэн гаргах талаар хэлэлцэхээр болжээ. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногоос гаргаж мөрдөж эхлэхээр болсон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сурагчдын амралт эхэлж тул ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс буюу сурагчдын амралт дуусах үеэс цагийн хуваарийг тодорхой мэдээлэхээр болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ