
Монголын уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй , марафон гүйлтийн тамирчин Дархан –Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд дайралт хийхээр болжээ. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтсан байна.
Манай тамирчдын хувьд анх удаа дангаар багаа бүрдүүлж Эвэрестийг зорьж буйгаараа ихээхэн онцлогтой. Баг тамирчид энэ сарын 29–нд эх орноосоо мордож 4000-аас дээш метртэй 14 ууланд дайралт хийж, ирэх тавдугаар сарын 20 –нд үндсэн дайралт эхлэх аж. Харин 27-28 ны өдрүүдэд авиралтаа өндөрлүүлж нийт 8850 метр өндөрт гарах төлөвлөгөө гаргажээ.
МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийг өчигдөр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “Дэлхийн зулай оргил Эверестэд МоАХ-ны тугийг мандуулаад ирээрэй “ хэмээн гардууллаа. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийн хувьд монголын бүх уулын оргилд дайралт хийж 1997 онд Гиммалайн уулсаар хоёр өдөр нэг шөнө аялж байжээ.
Дашрамд дурьдахад энэ удаагийн дайралтад оролцох багийн уулчдаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, Б.Ганбаатар нар 2006 онд Эверестэд дайралт хийн цаг агаарын байдлаас шалтгаалан 150 метр дутуу орхиж байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ