
Монголын залуу үе үзэл санаа, ёс зүйн доройтолд орж, дарга даган далдганаж, нам даган намирах гаж зуршил, өчүүхэн төдий эрх ашгаа хамгаалан улс түмнээ худалдчихаас сийхгүй бизнесийн бүлэглэл байгаад байгааг илтгэн харуулсан нэгэн кино даруухан нээлтээ хийн кино театруудаар гарч эхлээд удаагүй байна.
Инээдмийн атлаа эмгэнэлтэй “Бурхан өршөөг” киног үзсэн бүхэн ямар нийгэмд амьдарч байгаагаа эргэцүүлэн бодож эгдүүцэнэ. Ардчилсан гэж нэрлэсэн ч ардчилагдаж чадаагүй нийгэмд “Хонь шиг номхон” гэж хэлэгддэг бид хэнэггүй атлаа даруухан амьдарсаар байгаагаа эргэцүүлэх сөхөө олгосон байсан юмсан.
Гэтэл хорьчихож. Тийм киног үзэж болохгүй гэнэ. Тэгж эргэцүүлж эгдүүцэх эрхгүй гэж байна.
Харуулын хутган жад төмөр хараалаар харааж
Харгалзагчийн бууны замаг төмөр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний төмөр чингэлэг цантаж
Хоол ундны аяга төмөр инээдээр инээж
Бос, Суу гэсэн команд төмөр авиагаар цуурайтаж
Болохгүй, Хориглоно гэсэн үгс төмөр амьсгалаар амьсгална … хэмээн хэлэх үг, хийх үйлдлээ хориулсан их найрагч Чойном шоронд байхдаа бичсэн байдагсан. Ганц нийгмийн дарангуйлал дор бугшсан бузар булай бүхнийг цээжнээс урсан гарах гал дөлтэй үгсээрээ онгичин уудлаж бүхэл бүтэн системийн эсрэг ганцаар боссон билэг танхай яруу найрагчийн амьдарч байсан цаг үе өнгөрсөн хэмээн итгэж байсан нь андуурал байжээ. Ад үзэгдсэн номны минь гар бичмэлийг алтаар үнэлэх цаг ирнэ! хэмээн зөгнөн хэлсэн нь биелэсэн ч цаг үеийн бусармаг бүхнийг илчлэн дэлгэсэн хэнийг ч “хориглох” оролдлого ардчилсан гэх энэ нийгэмд ч байсаар л байгаа ажээ.
Өнгөрсөн нийгэм гэж яриад, бодоод байсан чинь өнгөрөөгүй байсаар л байгаа юм байна. Харин арга нь арай боловсронгүй болжээ. “Намын үзэл сурталд нийцэхгүй” гэж шууд утгаар илэрхийлээд шорон гянданд хорьчихдог байсан бол өдгөө “үзэгчдийн таашаалд нийцэхгүй байна” гэсэн боловсон үгсээр бамбайлчихаж байна. Үзэгчийн таашаалыг хэрхэн шалгаруулсан нь мэдээж нууц. Нууц гэдгийг “байгууллагын дотоод асуудал” хэмээн “өөгүй” тайлбарласан гэнэ.
Уг киног үзчихээд сэтгүүлч найз нараа үзэхийг уриалан баахан зарласан юм. Харин орой нь тэднээс “ гаргахыг хориглосон” гээд хаагдчихсан тухай нь сонсоод мэл гайхав.
Ардчилалын үнэт зүйлс үгүй болсныг, луйвар, бялдуучлал газар авч шударга үнэн гэж байх боломжгүй болсон энэ нийгмийн тухай үзэж эргэцүүлэн бодох эрх танд байхгүй болж таарч байна. Уг киноны агуулга нь миний ойлгосоноор тийм л юм. Садар самуун, хар тамхи гэхчилэн сөрөг үр дагавар дагуулж мэдэхээр нэг ч кадр олж хараагүй л юм да.
“Бурхан өршөөг” киног бүтээсэн хамт олонтой холбогдож энэ тухай тодруулах гэсэн боловч амжилтгүй болов. Гэвч киног хаах болсон шалтгааныг сурвалжлан уншигч танд заавал мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ