Шүүгчийн эрхэнд халдсан талаар шүүхээс мэдээлэл хийлээ
2008 оны сонгуулийн дараахи үймээнээр галт зэвсэгт өртөн дөрвөн хүн амь үрэгдсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 14-ний өдөр болсон билээ.
Анхан шатны хурлын шийдвэр гарсны дараа нэр бүхий генерал, хурандаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой зарим хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэж шүүгчийн биед халдсан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллээр олонтай цацагдсан. Холбогдох байгууллагууд ч энэхүү асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонбаатар дараахи мэдээллийг өглөө.
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх нэр бүхий генерал, хурандаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагын зарим нэр бүхий албан зохих хууль тогтоомжийг зөрчих, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна.
2012.03.14-ний өдрийн 15 цагийн үед шүүгч Ч.Хосбаяр шүүхийн байрнаас гарсан. Тэр үед сэтгүүлч нар мэдээлэл авах гэж дайрсан бол цагдаагийн ар гэрийнхэн хэл амаар доромжлох зэргээр хууль бус үйлдэл гаргаж эхэлсэнийг уншигч та бүхэн санах байх. Тэр үед цагдаа нар шүүгчийн аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалалт аваагүй. Харин үл таних хар савхин куртиктэй 2 эрэгтэй согтуугаар Ч.Хосбаяр шүүгчийн цээжин тус газар 2-3 удаа цохиж, өшиглөсөн юм. Тиймээс Нийслэлийн шүүхийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга нар шүүгчийг хамгаалж шүүхийн байранд буцаан оруулахад тусалсан билээ.
Гэтэл шүүгч рүү хүмүүс дайрах үед тусалсан Нийслэлийн шүүхийн цагдаа Л.Өсөхбаярыг цагдаа нар" Өсөхбаяр пизда холдохгүй юугаа хийгээд байгаа юм" гэж эсэргүүцэн зохисгүй үйлдэл гаргасан баримт ч бий. Тухайн үед шүүгдэгч нарын биеийн байдал муудсан тул яаралтай түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэх үед би тус эмнэлгийн даргад шүүхийн тогтоолыг гардуулахаар түргэний машины араас дагаж очсон юм.
Гэтэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр намайг ирэхэд гадна талын хаалганд 6 цагдаа хамгаалалтад гарчихсан эмнэлэг рүү орох гэтэл "Дарга нар хэнийг ч битгий оруул гэсэн тушаал өгсөн" гэж хэлээд оруулаагүй. Би хоёр ч удаа орох гэж оролдоод чадаагүй, хэд хэдэн удаа оролдлого хийсний дүнд арай гэж эмнэлэг рүү нэвтэрсэн. Үүний дараа тус эмнэлгийн дарга Чимгээтэй уулзаж, шүүгдэгч нарын биеийн байдал, хаана, аль тасагт хэвтэж байгаа эсэх, оношийн талаар асууж дараа нь нэр бүхий шүүгдэгч нарын цагдан хорих болсон тухай шүүхийн тогтоолыг эмнэлгийн даргад албан ёсоор гардуулж, хариуг албан бичгээр авах, тэдгээрийг цаашид өөр эмнэлэг болон өөр тасагт шилжих, хөдөлгөөн хийсэн тохиолдолд шүүхэд мэдэгдэх талаар хариуг албан бичгээр авах тухай мэдэгдсэн билээ.
Ингээд би тус эмнэлгийн дарга Чимгээд хандаж шүүгдэгч нарын биеийн байдал ямар байгаа аль тасагт, аль өрөөнд хэвтэн эмчлүүлж байгааг нь шалгах, үнэн эсэхийг тодруулах талаар хүсэлт тавьсны дагуу Чимгээ даргатай хамт сэхээн амьдруулах тасагт ирэхэд шүүгдэгч нар гадуур хувцастай мөртлөө цагдаагийн 3-4 дарга нартай хамт яриа өрнүүлж байсан. Уг нь бол шүүхийн тогтоолоор цагдан хоригдсон этгээдийг эмнэлгийн туслалцаа үзүүлэх асуудал нь хууль журмаар зохицуулагддаг.
Үүнд сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд болон хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг. Гэтэл цагдан хоригдсон этгээдийг дүүргийн эмнэлэгт эмчилж байгаа нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.
Ер нь хууль, шүүхийн өмнө иргэд албан тушаалтан эрх тэгш байх ёстой. Гэтэл албан тушаалтнууд, ялангуяа цагдаагийн өндөр албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхэд нь саад учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ