
Удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Энэхүү журмаар ажиглагч нар ямар бичиг баримт бүрдүүлж бүртгүүлэх, сонгуулийн хороод ажиглагч, сурвалжлагч нарыг ямар боломжоор хангах ёстой, тэд ямар эрх, үүрэг хүлээх талаар мөн түүнчлэн ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл зэргийг зохицуулах ажээ.
Мөн энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хороо “Шударга сонгуулийн төлөө” түр хороонд нэгдэн орсон иргэний хөдөлгөөний төлөөлөгчдөд Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж тавьсан тэдний шаардлагын хариуг албан ёсоор өглөө. Тэд сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлөхүйц хууль зөрчсөн шийдвэр гаргаж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлыг үүсгэхэд хүргэсэн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ ухамсарлан холбогдох хуульд заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг СЕХ-ны нийт гишүүдээс шаардсан аж.
Харин Сонгуулийн ерөнхий хороо уг шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй хэмээн үзжээ. Тэд хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг чөлөөлөх, огцруулах түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон, мөн Хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон хуулийн заалттайг албан бичигтээ цохон тэмдэглэсэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ