
Эрүүл Мэндийг Дэмжих Сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх багаас Шинэ Нийгмийн Эрүүл Мэнд (ШНЭМ), ТББ-тай хамтран Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх нь сэдэвт сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хорооны хэсгийн ахлагч нар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй хүн хамрагдсан бөгөөд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийг дайчлах талаарх дээрх хороодын хэсгийн ахлагч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв.
Сургалт хоёр бүрэлдхүүн хэсэгтэй байсан бөгөөд үүнд нэг талаас эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих, нөгөө талаас олон нийт, иргэдийг идэвхжүүлэн, үр дүнтэй дайчлах талын мэдээллүүд багтсан.
Сургалтын хоёрдугаар хэсэг болох олон нийт, иргэдийг хэрхэн дайчлах, олон нийттэй ажилладаг хүний үндсэн үүргүүд, олон нийтийг идэвхжүүлэх үе шатууд, олон нийтийн ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг мэдээллийг олгохдоо асуулт, хариулт, бүлгийн ажил, бүлгийн ажлын танилцуулга хэлбэрээр явуулсан нь сургалтад оролцогсодын олон нийтийг дайчлах, тэднийг идэвхжүүлэн зохион байгуулах талаар олж авсан шинэ мэдлэг чадвараа ажил хэрэг болгон бүтээлчээр ашиглахад ач холбогдолтой аж.
Түүнээс гадна бүлгээр ажиллуулах нь сургалтад оролцогсод бие биенээсээ суралцсан, туршлагаа хуваалцсан, цаашид түншлэл байгуулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ