
ЗТБХБ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон бусад хэд хэдэн хүнд холбогдох баримтыг АТГ-т өгч шалгуулна хэмээн мэдэгдсэн. Түүний мэдэгдлийг эсрэг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдэд сонирхолтой баримт дэлгэлээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд “2011 оны арванхоёрдугаар сараас эхлээд төмөр зам мөн 100 мянган айлын орон сууц барихад Ц.Нямдорж садаа болж байна, ажил хийлгэхгүй байна гэсэн яриаг тэр үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга удаа дараа хэлж байсан.
Би тэр үед хамтарч нэг Засгийн газарт ажиллаж байж дэмий яриагаар хөөцөлдөөд яахав гээд дуугүй өнгөрсөн. Засгаас гараад явсных нь дараа хойноос нь чулуу шидэхгүй байхыг бас хичээсэн. Ерөнхийдөө дөрвөн сар тэвчлээ, өнөөдөр бодит мэдээлэл өгье” гэсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга Засгийн газрын нэгэн хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Чамайг төмөр зам барихыг харъя” гэсэн гэж байсан. Энэ үнэн үү?
-Төмөр зам барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, Тавантолгойн ашиглалтын лицензийг Оросын талд өгч, энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барихаар тохирсон юм. Ингээд “Монголын төмөр замын дэд бүтэц” компани байгуулсан. Мөн Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Үүний дараа Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй “төмөр зам барих нууц гэрээ” гээчийг байгуулсан байдаг. Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас гэрээ бий. 2011 оны гуравдугаар сарын 19-нд байгуулагдсан энэ гэрээг мэддэг хүн Монголд бараг байхгүй.
-Х.Баттулга гишүүний таны талаар ярьсан ярианы хувьд?
-Оросуудтай Тавантолгойг барьцаалж гэрээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж, Х.Баттулгатай гарын үсэг зурсан ч энэ гэрээг маргааш нь Монголын талаас цуцалсан. Ийм гэрээ хэлэлцээрүүдийн улмаас Монгол Улс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд сэв суусан. Одоо Тавантолгойн гэрээн дээр гацчихаад байгаа нь ийм хууль бус үйл ажиллагаануудаас улбаатай. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэх юм.
-Таны яриад байгаа гэрээнд ямар асуудлууд тусгагдсан юм бэ?
-Энэ 20 хуудас гэрээнд Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих ба км төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар байна. Нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байсан. Ийм том төслийг тендергүйгээр шилжүүлсэн нь ардчилсан Монголд байж болохгүй. Мөн энэ гэрээнд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр болсон байсан. Тэгэхээр бидний үед л лав Гашуун сухайт, Нарийн сухайтаар төмөр зам явахгүй нь.
-Яагаад?
-Минийхээр болдог бол эхний ээлжинд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд нэн тэргүүнд төмөр зам барьж, осол аваар, байгаль экологийн асуудлыг шийдвэрлэмээр байна. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар зөөвөл ямар ч авто зам бариад нэмэргүй. Энэ онд Оюутолгой, Ухаа худаг ашиглалтад орно. Тэгэхээр ачаалал улам л нэмэгдэнэ. 2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхад Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажил эхлэх гэж байхад таслан зогсоосон шалтгаан нь Тавантолгойн лицензийг бусадтай хамтарч ашиглах, нууц гэрээ байгуулах гэсэн шалтгаантай.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга цааш нь хэлэхдээ таны орон сууцны талаархи мэдээллийг АТГ-т шалгуулна гэж байсан. Та энд тайлбар хэлээч?
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг зогсоогоогүй гэдгээ мөн илэрхийллээ. ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж, 300 сая ам.долларын зээлд ихээхэн оролцсон байдаг. Сүүлд нь энэ мөнгөөр “Шинэ Яармаг” гэдэг хороолол барихад Монголын талын оролцогч нь Ууганбаярын хувийн компани болж таарсан. Түүнээс би Ухаахудагаас байр аваад барилгын ажлыг зогсоогоод байгаа юм биш. Олон удаа би ЗТБХБЯ-ныханд хууль дүрмийн дагуу ажиллахыг сануулж, хулгай зэлгийгээ болиорой гэж хэлсэн. Шударга ажилла, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй гэсэн.
-Хөгжлийнбанктай холбоотой асуудал дээр та юу хэлэх вэ?
-Хөгжлийн банкнаас Сангийн сайдад өгсөн албан ёсны танилцуулгад “Шинэ Яармаг” хороололд бага үнэтэй 6500 айлын орон сууц барихаар яригдаж байсан. Гэтэл баталгаа гаргах болсон чинь 3995 болж буурсан. Саяхан бүр 3660 орон сууц болж буурлаа. Би олон Засгийн газарт ажиллаж байгаа хүн. Ийм дайны луйвар гаргахгүй гэж л сайдаар ажилладаг.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ