
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтад “химийн хорт” гэсний өмнө “тэсэрч дэлбэрэхээс бусад” гэж, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 4 дэх заалтад “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг томиллоо.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хил орчим, бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй энэ комиссын хуралдааныг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 16 дугаар хуралдаан энэ жил Улаанбаатар хотноо болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ