
МХЕГ–ын дарга Р.Содхүү, дэд дарга Б.Эрдэнэбилэгт болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар ОХУ-ын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн холбооны албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МХЕГ-ын дарга Р.Содхүү МУ-ын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ОХУ-ын төлөөлөгчид анх удаа зочилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү уулзалтаас Монгол Оросын өнөөгийн хөдөлмөр эрхлэлт, хамгаалалтын асуудлаар хамтын ажиллагаа эхлэж байгааг онцоллоо. Мөн “Манай хоёр орны хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт өөр боловч тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” хэмээн санал хэлсэн юм. Ингэхдээ хамтын ажиллагааны санамжийн бичгийг харилцан хоёр талдаа судлах ажлыг эхлүүлэхийг хүссэн байна.
Уулзалтын үеэр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, ажил эрхлэлттэй холбоотой хоёр асуудлыг манай улсын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх талаар онцон ярилцав. Монгол улсын уул уурхай асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед хөдөлмөр хамгааллын техникийн нөхцөл уурхай бүрт өөр өөр түвшинд байна. Тийм учраас уул уурхайд тавих хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын туршлага Монголчуудад хэрэгтэй байгаа юм.
ОХУ-ын Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх хяналт, шалгалтын газрын орлогч дарга Валерий Ежов хэлэхдээ “Хамтын ажиллагааны асуудлаар олон улсын ассоциаци болон бүс нутаг, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна. Өнгөрсөн онд байгуулагдсан олон улсын ассоциацийн хамтын ажиллагааны хүрээнд аль болох Монгол улсад үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгтэй байна. Сүүлийн үед хөдөлмөр эрхлэлт аюулгүй ажиллагааны асуудал хурцаар тавигдаж байгаа. Бид сүүлийн таван жилд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хуралд мэдээлэл хийх болно” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ