
Монгол Улсын Засгийн газрын 39 тоот тогтоол, Эрүүл мэндийн сайдын 67-р тушаалын дагуу хэрэгжих “Эрүүл хүүхэд” аяны нээлт энэ сарын 19-нд орон даяар нэгэн зэрэг болж, аяны үйл ажиллагаа эхэллээ. Аймаг орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар болон боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болсон арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийлээ. Нийслэлд болсон “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцаад, Соёлын төв өргөөнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Нээлтийн ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээж, үг хэлэв.
“Эрүүл хүүхэд” аяныг “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн ажиллагаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
…Эх орны ирээдүй, хайрт хүүхдүүд ээ, Хүндэт эцэг эхчүүд, эмч эмнэлгийн мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчид ээ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 онд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүлжүүлэх “Эрүүл хүүхэд” аяныг “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Манай улсын хүн амын цэвэр өсөлт 2010 оны байдлаар 1.7 хувьд хүрч, тэдний 36.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувийг 19-24 насны залуучууд эзэлж байна. Хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь Монгол Улсын өнөөгийн ба ирээдүйн хөгжлийн асар их нөөц, боломж юм. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 20,0 хүртэл буюу 1990 оны төвшнөөс 5 дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид Мянганы хөгжлийн зорилтод хүрэх магадлал өндөртэй орны тоонд орж байгаа ч хүүхдийн эрүүл мэндийн төвшин хангалтгүй байна. Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээгээр 10000 хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 хувь тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэгүүд зонхилж, 10-19 насныхны дунд өвчлөл 10 000 хүүхэд тутамд 65.1 болж нэмэгдсэн байна. Цэрэг татлагын 2011 оны тайлангаас үзэхэд эрүүл мэндээр хасагдаж байгаа залуусын 15,4 хувь нь дотрын, 14,3 хувь нь нүдний эмгэг, 14,3 хувь нь чих хамар хоолойн өвчин, 10,7 хувь нь жин өндрийн алдагдлын, 7,2 хувь нь мэдрэлийн өвчний улмаас цэргийн албанд тэнцээгүй байна. Хүүхэд, өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа амны хөндийн эмгэг болох шүд цоорох өвчин, чих хамар хоолойн архаг өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашдаа олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй. Дээрх үзүүлэлт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жигд биш байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тусламж хайх мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Цаг уурын хүнд нөхцөл, удаан үргэлжлэх хүйтний улирал, тээвэр холбоо, дэд бүтцийн өнөөгийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхэн, ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулдаг. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, нийт хүн амын 63.3 хувь нь хот, суурин газар, 44.1 хувь нь нийслэлд амьдарч байна. Ийнхүү хотын хүн ам огцом нэмэгдэн хөдөөгөөс шилжин суурьшигчдын хүүхэд эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүртэхэд хүндрэл учирч байна. Эцэг, эхийн хараа хяналтаас гадуур, гэр оронгүй, хаяг харьяалалгүй хүүхдийн эрүүл мэндийн асуудалд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд өдөр тутмын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсрол олгох сургуулийн эмчийн тоог нэмэгдүүлэх, сумын сургуулийг сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тогтмол хяналтад байлгах асуудлыг Боловсролын тухай хуульд тусгасан. Мөн Засгийн газраас 2012 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гэр бүлийн хөгжилд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэдэж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулахад гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хүүхэд асран хамгаалах дадал чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээрх байдлаас үндэслэн Засгийн газраас “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан, бие бялдрын хөгжлийг үнэлж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг бөгөөд энэхүү аян нь даатгуулагч хүүхэд эрүүл мэндийн даатгалд даатгуулсныхаа үр шимийг хүртэж байгаа нэг том илрэл юм. Аяны хүрээнд 18 хүртэлх насны хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулагдах 18,0 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн ороон нутгийн үзлэгт хамрагдах хүүхдийн тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв гурвалсан гэрээ байгуулж хүүхдийн үзлэгт шаардагдах багаж, хэрэгсэл авах, унаа тээвэрт болон мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран шийдвэрлээд байна. Аяны хүрээнд 18 хүртэлх насны хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна тэдний насны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн болон боловсролын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах нь чухал. Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, эрүүл мэндийг дэмжигч сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө бүх хүн “За” гэж хэлэх хэрэгтэй байна. Энэхүү аяныг хэрэгжүүлснээр 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын төвшинг тогтоож, цаашид эрүүлжүүлэх ажлыг хэрэгжүүлэх бөгөөд уг үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж тогтмолжуулах, Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм. Ингээд Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, аж ахуй нэгжүүд, иргэд, эцэг эх та бүгдийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Монголын үрс маш олон болтугай.
Монгол хүн бүрийн бие эрүүл, ухаан саруул байх болтугай.
Аяны хэрэгжилтэд амжилт хүсье.
Баярлалаа.
Эрүүл мэндийн салбарын нийт мэргэжилтнүүддээ эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахыг уриалж байна
“Эрүүл хүүхэд” аяны нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд,
Эрхэм хүндэт Засгийн газрын гишүүд, “Эрүүл хүүхэд” аяны удирдах хорооны гишүүд ээ,
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд ээ,
Хайрт сурагчид, хүүхдүүд ээ,
Юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл хүүхэд” аянаа амжилттай хэрэгжүүлэхээр сэтгэл өөдрөг, эрч хүчтэйгээр хуран цугларсан Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Монгол Улсын Засгийн газар 18 хүртэлх насны бүх хүүхдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, санхүүжилтийг УИХ-аар баталсан нь цаг үеэ олсон арга хэмжээ юм.
Насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар өвчний хожуу үедээ илэрсэн байдаг. Тэгвэл “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Монголын хүүхэд, өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа хийж, эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээс Монгол Улсын ирээдүйн иргэн бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж төлөвшин, улс орон маань үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Иймээс Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аяныг “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар эхэлж байна. Энэхүү үзлэгийг зохион байгуулснаар Монгол Улсын нийт хүүхдийн дунд тохиолдож байгаа, өвчлөлийн бүтэц, шалтгаан тодорхой болж, үүнийг хэрхэн шийдвэрлэх бодлого стратеги боловсруулах, төсөв санхүүгийн хуваарилалтыг зөв чиглүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү аяны хүрээнд:
-18 хүртэлх насны хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлэх,
-Үзлэгээр илэрсэн эмгэгийг эмчилж, эрүүлжүүлэх арга хэмжээг эхлэх,
-Хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн цахим сан бий болгох,
-Хүүхдээ эрүүл бойжуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил явуулах, зөвлөгөө өгөх,
-Эрүүл мэндийн байгууллагын бүртгэл мэдээллийг сайжруулж, хүүхдийн эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг тавиад ажиллаж байна.
“Эрүүл хүүхэд” аяныг амжилттай зохион байгуулах зорилгоор 100 үйл ажиллагааг төлөвлөсөн. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Бид үзлэг хэрхэн хийх, хүүхдийг яаж үзэх, оношлох талаар аймаг, дүүрэгт сургалт явуулах сургагч багш, орон нутагт үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг сургалтад бүрэн хамрууллаа. ЭМЯ-ны дэргэд Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭХЭМҮТ, ЭМШУИС-ийн туршлагатай эмч, багш нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх баг байгууллаа. Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй “Алдарт эхийн одон”, залуу гэр бүлийг дэмжих, хүүхдийг дэмжих бодлогын дүнд манай улсын төрөлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2011 оны байдлаар 70576 хүүхэд мэндэлсэн. Хүн амын өсөлт, төрөлт нэмэгдэхийн сацуу тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх асуудал тулгарч байна.
Иймд Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч, “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратеги, “Эх, нярайн эрүүл мэнд” стратеги, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөр, “Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх 2012-2015” үндэсний стратеги, “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.
Энэхүү бодлогын хүрээнд Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад 50 ортой амаржих газрыг шинээр ашиглалтад оруулж, нийслэлд 300 ортой Эх хүүхдийн төв, 150 ортой нэгдүгээр амаржих газрын өргөтгөл, 150 ортой гуравдугаар амаржих газрын барилга, Булган, Завхан, Говь-Алтай, Дорноговь аймагт 50 ортой амаржих газар, Говьсүмбэр аймагт 10 ортой төрөх тасгийн барилгын ажлыг эхлээд байна. Мөн Дархан-Уул аймагт Эх, хүүхдийн 120 ортой төв, Орхон аймагт 100 ортой хүүхдийн эмнэлэг, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймагт 50 ортой амаржих газрыг барихаар ажиллаж байна. Энэ их бүтээн байгууллалтын зэрэгцээ тухайн байгууллагад ажиллах хүүхдийн, эх барих эмэгтэйчүүд, бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг төрийн сангийн зардлаар бэлтгэж эхэлсэн. Багаж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг ч мөн эхэлж, ЭХЭМҮТ-д удамзүй цитогенетикийн лаборатори, үргүйдлийн оношлогоо эмчилгээний лабораторийг байгуулахаар шийдвэрлээд байна.
Хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХАС, АХБ болон олон улсын бусад байгууллагууд, түншлэгчидтэй хамтран “Хүүхдийн өвчний цогц менежмент”, “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Дархлаажуулалт”, “Хөхөөр хооллолт”, “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлыг бууруулах”, “Түнхний мултралыг эрт илрүүлэх” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа нь манай улс нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулж, Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд асар их дэмжлэг болж байгааг дурьдахад таатай байна. Ингээд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулах энэ буянтай үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахыг эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа уриалж байна. Эцэг, эх, өвөө, эмээ, ах дүү, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн хайртай бяцхан үрсээ эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулахыг хүсч байна.
“Эрүүл хүүхэд” аяны үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
“Эрүүл хүүхэд” аяныг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байна
Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор энэ онд хэрэгжүүлж эхлээд буй “Эрүүл хүүхэд” аяныг орон даяар зохион байгуулж байгаа билээ. Мөн нээлтийн ажиллагааг ч орон даяар зохион байгуулсан. Энэ хүрээнд “Эрүүл хүүхэд” аяныг амжилттай эхлүүлээд байгаа зарим аймгийн мэдээллээс хүргэж байна.
Орон даяар нээлтээ хийж буй “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийнхан амжилттай зохион байгуулж, эхний мэдээгээ ирүүлээд байна. Хэнтий аймагт болсон нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Байгалмаа, БСГ-ын дарга Г.Дашдаваа, ХХҮХ-ийн дарга О.Энхтунгалаг, хүүхдийн гавьяат эмч Ж.Батхуяг, багш нарын төлөөлөл, сурагчдын төлөөлөл оролцож, тус аянд идэвхтэй оролцох талаар уриалга гаргасан байна. Мөн нээлтэд Хэрлэн сумын ЕБ-ын дөрвөн сургуулийн 600 гаруй багш, сурагчид оролцжээ. ЭМГ-ын дарга Р.Байгалмаа хэлэхдээ “2011 онд бид бүхэн “Хүүхдийн шүд цоорох өвчин, хараа сонсголын эмгэгээс сэргийлье” хүүхдийн эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж 6 настай бүх хүүхдийг үзлэгт хамруулан эрүүлжүүлж байсан нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь болж байна” хэмээсэн. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хэрлэн сумын I сургуулийн нэг ангийг үзлэгт бүрэн хамруулж, үзлэгийн бэлэн байдал, үйл ажиллагааны талаар орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд танилцууллаа. Мөн 9 суманд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан үйл ажиллагаагаа эхэлжээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 71 хүүхдийг үзлэгт хамруулаад байгаа аж. Аянд аймгийн хэмжээнд 27600 гаруй хүүхдийг үзлэгт хамруулахаар төлөвлөн, аймгийн Засаг даргын 84 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Харин Төв аймгийн Засаг дарга “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулах тухай А/135 дугаар захирамж гарган, аяныг нэгдсэн удирдлага зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах, үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүн, “Эрүүл хүүхэд” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, удирдамжийг баталж, удирдах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн, ажлын хэсгийн даргаар ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг нарыг томилон аймгийн хэмжээнд аян хэрэгжиж эхлээд байна. Эмч нар графикийн дагуу нэгдсэн журмаар аймгийн хэмжээнд үзлэгийг эхлүүлж 20 гаруй хүүхдийг хамруулаад байгаа аж. Түүнчлэн “Эрүүл хүүхэд” аяны нээлтийг Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар хийсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Энхбат, удирдах хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн , ЗДТГ-ын дарга Р.Болд, НХХ-ын дарга З.Намнансүрэн, ажлын хэсгийн дарга, ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг, БСГ-ын дарга Н.Энхтуул, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ү.Батчулуун, ХТХ-ийн дарга Д.Бадамцэцэг, удирдах хорооны болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн,агентлаг байгууллагын дарга нар, ЭМБ-ын эмч ажиллагсад, сургууль цэцэрлэгүүдийн удирдлагууд, багш сурагчид, ард иргэдийн төлөөллүүд нийт 1000 гаруй хүн оролцжээ. Одоогийн байдлаар нийт 8 сумаас аяны нээлт хийсэн тухай мэдээ ирүүлээд байгаа аж. Харин Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл ирүүлжээ. Аяны нээлтийг “Жаахан шарга” Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Сүхбаатар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, НЭМХ-ийн дарга М.Энхтуяа, БСГ-ын дарга Д.Сэнгэдорж, Хүүхдийн төлөө хэлтсийн дарга М.Туул болон албан газар, байгууллага хамт олон, оюутан сурагчид идэвхитэй оролцон, нийт 500 гаруй хүн нээлтийн ажиллагаанд оролцжээ.
Мөн “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийг явуулахад шаардагдах жин, өндөр хэмжигч, бүсэлхийн тойрог хэмжигч, даралтын аппарат, нүд, чихний үзлэгийн хэрэгслийг бүрдүүлж бэлтгэл хангажээ. Үзлэгийн үеийн хөтөч хоёр сувилагчийг тогтмол ажиллуулахын зэрэгцээ үзлэгийг бэлтгэсэн таван өрөөнд хийж, бэлтгэж, хаягжуулан үзлэгийг зохион байгуулжээ. Түүнчлэн үзлэгийг хэвийн тасралтгүй явуулах боломж нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд үзлэгийг Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн долдугаар ангийн 31 хүүхдэд явуулжээ. Үзлэгт хамрагдсан 31 хүүхдийн 45.6 хувь нь чих хамар хоолойн, 16.1 хувь нь нүдний эрхтний, 58 хувь нь шүдний, 41.9 хувь нь бусад суурь өвчтэй байсныг илрүүлжээ. Илэрсэн өвчлөлийг сум, өрхийн ЭМТ, АНЭ, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлэх, онош тодруулах төлөвлөгөөг гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ