
УИХ-ын гишүүн Х. Баттулга, Д.Одхүү, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Р.Амаржаргал, С.Ламбаа, Ц.Сэдванчиг, О.Чулуунбат, С.Эрдэнэ нарын 11 гишүүн УИХ-д нэр дэювшигчийн тухай шинэ хуулийн төсөл хүргүүлээд байсан. Уг хуулийн төсөлд “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай” оруулсан бөгөөд Засгийн газар дэмжихгүй гэсэн хариу ирүүлжээ. Шинээр оруулж буй уг хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлснээс хойш 30 хоногт багтаан хариу ирүүлнэ гэсэн хуулийн хугацаа байдаг аж. Засгийн газрын хариу өгөх хугацаа өнгөрсөн 6-нд дууссан тул дээрх гишүүд хуулийн төслөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн бариад байсан юм.
Засгийн газар өчигдөр энэ хуулийн төслийг “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Мөн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хариу өгчээ. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Засгийн газраас ирсэн энэ хариуг танилцуулахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ