
Монголчууд бидний нэгэн төлөөлөл казахууд буюу өнөөгийн монголын хүн амын дөрвөн хувь нь үндэстний баяраа болгон тэмдэглэдэг Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Нарны баяр буюу Наурыз нь Цагаан сартай төстэй боловч бид өдөр тооллолыг Ислам шашинтай адил сарны тооллоор хөтөлдөг бол Наурыз шинэ жилийг нарны тооллоор хөтөлдөг юм байна.
Энэ нь өдөр,шөнө тэнцдэг тул ийнхүү шинэ жил, шинэ өдөр гэж тэмдэглэдэг ажээ. Манай сурвалжлах хэсэг казах түмний үндэстний баярыг сурвалжлахаар Ж.Өмөркали гэх залуу гэр бүлийнд зочиллоо.
Үндэсний баяр нь тохиож байгаа тул гэрийн эзэд ахмадуудаа болон ойр дотны хүмүүсээ цуглуулан идээ шүүсээ бэлтгэжээ. Ширээн дээр нэлэнхүйд нь асгасан амтат боов, чихэр жимс, жигнэсэн гуриланд ороосон ногоо, каз, хонины толгой, аарцтай хөц будаатай шөл зэрэг идээ бэлтгэсэн нь энэ үндэстний өнгө төрхийг илэрхийлж байлаа.
Өнгө алагласан идээ, шүүсний ард гэрийн эзэд болон зочид гар аргаар урласан хээ хуаран чимэглэлтэй үндэсний хувцсаараа гоёжээ. Мөн баярын ширээ зассан өрөөнд домборын ая эгшиглэж, казах ардын дууг цугласан олон аялан, үндэстний ёс заншилаараа мэндчилэн золгож, амар мэндээ мэдэж байсан нь их л сонирхолтой харагдаж байлаа.
Сулейман Буланбай: Казахууд бид жилд гурван шинэ жил тэмдэглэдэг
Энэ үеэр Наурызын баяр, ёс заншилын талаар Ж.Өвөркалигийн гэрт ирсэн зочдын хамгийн ахмад нь болох Сулейман Буланбай гуайгаар яриулсан юм.
-Цугласан олонд бол нийт монголчууддаа хандаж, та баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Монголын ард түмэндээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай науризын баяр өдөр, шөнө тэнцсэн, зуны эхэн сар буюу ургамал газар доороос амь авсан, мал төлөлсөн дэлгэр цаг эхлэж байгааг тэмдэглэж буй өвөрмөц баяр юм. Энэ баяр монголчуудын тэмдэглэдэг Наурызын баяраас олон талаараа ялгаатай. Мусламан шашинтнууд үндэсний баяраа болгон тэмдэглэдэг энэ өдөр Монгол Улс дотор байгаа цөөхөн казахууд тэмдэглэж байна. Бид өөрсдийн ёс заншилаараа баяр ёслол, мэндлэхээсээ эхлээд өвөрмөц үйл хийдэг.
-Тухайлбал?
-Бид золгохдоо л гэхэд цээжээрээ зөрж мэндчилдэг. Ахмад, залуучууд, охидууд бүгд өөр өөрөөр мэндчилдэг.
13 мянган казах хүн нийслэлд Наурызын баяраа тэмдэглэж байна
-Цагаан сарын баяраар монголчууд шинэ жил ирж байна гэж үзэж, бэлэгшээдэг. Наурызын баяр мөн ийм агуулгатай юу. Энэ баярын утга учрыг бидэнд тайлбарлаж өгөөч?
-Бид чинь жилдээ гурван удаа шинэ жил тэмдэглэдэг юм. Монгол Улсын иргэн учраас цагаан сараа бид тэмдэглэдэг. Мөн Оросоос орж ирсэн шинэ жилийг дэлхий нийтийн жишгийг дагаад тэмдэглэдэг. Үүн дээр үндэсний баяр наурызаараа он солигдож байна хэмээн баяралдаг. Бидний хувьд их олон баяр тэмдэглэдэг. Тэдгээрийн дотор казахын Наурыз их том баяр.
-Идээ будаагаа бэлтгэхээс эхлээд их өөр юм?
-Тийм. Бид шүүс тавихдаа толгой, шүүс, каз, карда, каяа гээд олон төрлийн махыг чанаж бэлтгэдэг. Гэрт ирсэн хамгийн ахмад хүн нь бусад хүмүүстээ хандаж, ерөөл айлтгана. Үүний дараа ерөөл айлдсан хүн хонины толгойноосоо хэрчин тарааж өгдөг. Ингэхдээ хонины толгойны зүүн чихийг хамгийн бага охинд, баруун талын чихийг нь хамгийн бага хүүд өгдөг заншилтай. Насны эрэмбээр удаах хүн бэлтгэсэн сүүжээ барьж, сүүжний талыг айлын хамгийн отгон хүүхдэд өгдөг. Энэ баярыг тохиолдуулан манай эмэгтэйчүүд амттай сайхан хоол, цай бэлтгэхээс гадна гар аргаар урласан хээ хуар бүхий хувцас хунар оёж, ширдэг ширэхээс эхлээд уран үйл их хийдэг. Тэдний оёсон ширдэг, хувцас хунар маш сайхан.

-Наурызын баяраар жороо морь уралдуулна. Мөн казухар гэдэг тоглоом тоглодог. Энэ тоглоомын дүрмээр охидууд нь хамгийн сайн, үзэсгэлэнтэй морио унаж, араас нь залуучууд нь хурдан мориор түрүүлэн, морьдыг нь ташуурддаг ёс бий. Хөх бэрх талт минь гэдэг эр хүний чадал чансаа, морин дээр уян налархай тогтож чаддаг эрдэмийг сорьдог тоглоом байгаа. Энэ тоглоомыг тоглож байгаа хүн ахмад настай хүнээс тулам авч, айлын тооноор аваачиж өгдөг. Ийм тулам авсан айл өнөөдөр манайд найр болох нь. Хөгшид ирэх нь хэмээн идээ, шүүсээ бэлтгэдэг. Ингээд тухайн айлд олуулаа очиж, харилцаа аядс дуулан шөнөжин найралдаг. Аядс гэж монголчуудынхаар бол уртын дуу. Мөн залуучууд цүү хаядаг. Ингэснээр охид, залуус маань танилцах давуу талтай гэж бид үздэг. Тоглоом ч гэсэн ахмад, залуус, хүүхдүүдэд зориулан тус тусадаа утга учир, агуулгатай. Мөн шагай шүүрч, охидын авахуулж, самбааг сорьдог. Тэгээд домбордоод, ерөөл хэлээд л нарийн ёс заншилаа дагаж, залуучууддаа үүнийгээ өвлүүлэхэд энэ баярын утга учир байгаа юм.
-Таны уг гаралыг асууж болох уу?
-Казахууд 12 овгоос бүрддэг. Би этол овгийн хүн. Манай энэ 12 омог дотроосоо хүнтэй сууж болдоггүй. 12 үе явж байж гэр бүл болдог дэг жаягтай.
-Улаанбаатарт суурин байгаа хэчнээн казах хүн байгаа вэ?
-13 мянган хүн байна. Өчигдөр Улаанбаатар палас казах дууны тоглолт болоход бид зааландаа багтаагүй. Бидний баярыг ийм өргөн дэлгэр тэмдэглэх боломж олгож байгаа монголын ард түмэн, төр засагт маш их баярлаж байна. Төр засгаас Наурызын баяраар маш олон хүнийг шагнаж, урамшуулсан. Олон казах гавъяат боллоо. Энэ бол төр засгийн минь буян.
С.Ыросхан: Солонгос, Турк, Казахстанд суугаа ах, дүүстээ баярын мэнд дэвшүүлье
-“Shuud.mn” сайтын хамт олонд Наурызын баярын мэнд дэвшүүлье. Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ховд аймгийн Булган суманд суугаа ах, эгч, дүү нартаа мэндчилгээ дэвшүүлье. Мөн Солонгос улсын Суван хотод суугаа охиндоо, Туркэд байгаа ах дүүстээ, Казахстанд амьдарч байгаа дүү нартаа Наурызын баярын мэнд хүргэе.
Зейнем Айнагуль: Казахстанд амьдарч байгаа ах, дүүстээ баярын мэнд дэвшүүлье
-Наурызын баярыг тохиолдуулан Казахстанд амьдарч байгаа ах, дүүстээ болон Баян-Өлгий аймгийн Булган суманд суугаа хадмууддаа баярын мэнд дэвшүүлье.
Энэ мэтчилэнгээр Ж.Өмөркалигийнд ирсэн зочид, казах үндэстнүүддээ болон монголчуудад хандан Наурызын баярын мэнд хүргэж, чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ хүрээд өвөрмөц зан заншилаа хадгалан, өв соёлоо гайхуулан байгаа казах түмний баяраас хийсэн сурвалжлага маань өндөрлөсөн юм.

С.Энхзаяа
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ