Г.Ганбаатар:Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх учиртай
2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр галт зэвсэгт өртөж дөрвөн хүн амь үрэгдсэн, таван хүн шархдсан хэрэгт цагдаагийн экс дарга нарыг шүүж эхэлсэн билээ. Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 14-ний өдөр болсон шүүх хурлаар НЦГ-ын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарлах шийдвэр гаргаж байсан юм. Тэгвэл уржигдар Г.Ганбаатарт холбогдох хэргийг хэлэлцэж хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг цагдан хоригдохоос өмнө цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүхээс өмнө нь таны хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан. Сая ямар шийдвэр гарав?
-Шүүх хурлын тов гаргаагүй байсан. Гэтэл гэнэт дуудлаа. Өчигдөр орой лавлахад “Хэргийг нэгтэх, эсхүл түдгэлзүүлэх учраас шүүх хурал болохгүй” гэсэн. Гэтэл сая дуудаад шүүх хуралтай. Яаралтай ир гэл ээ. Шүүх өмнөх шийдвэрээрээ миний хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан бол сая нэгтгэлээ. Манай өмгөөлөгчдийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлттэй Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ танилцаад “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гомдлыг үндэслэлгүй” гэж үзсэн байна лээ. Тиймээс саяын шүүх хурлыг шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, Ч.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй явууллаа. Хууль ёсны эрхээ хамгаалуулахаар миний шинээр авсан өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг хавтаст хэрэгтэй танилцуулж өгөөч гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авсан. Харин батлан даалтад байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гаргаж байна. Уг нь О.Алтангэрэл өмгөөлөгч Үндсэн хуулийн цэцэд бидэнд үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлээр маргаан үүсгэсэн байтал шүүх дахиад л хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж би үзэж байна. Уг нь бидний хэргийг түдгэлзүүлэх ёстой юм.
-Гэрчүүд тухайн үед ҮАБЗ дээр буудах тушаал , галт зэвсэг хэрэглэх, хэрэглэхгүй тухай заавар чиглэл өгсөн байх тухай ярьсан юм билээ. Энэ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?
-Цагдаагийн байгууллага урьд нь үүргээ гүйцэтгэж байсан, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр ч цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ерөнхийлөгчийн 194 тоот зарлигийг хэрэгжүүлсэн. Гуравдугаарт тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилласан. Үүнийхээ хариуд золиослогдож байгаадаа харамсч байна.
-Нэг ч цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг та бүрэн батлах уу?
-Хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг нэг мөр ойлгоход эргэлзээтэй. Цагдаагийн алба хаагчид галт зэвсэгтэй явсан, сургалтын сум хэрэглэсэн нь үнэн. Энэ нь нэг талаас хэрэглэсэн гэж ойлгогдохоор. Галт зэвсэг хэрэглэсэн боловч байлдааны сум хэрэглээгүй гэдэг зааг ялгааг ойлгохгүйгээр хэрэглэсэн гэж мушгин гуйвуулаад байгаа. Сургалтын сум хэрэглэсэн гэдгээ хүлээж байгаа.
-Таны удирдаж байсан Хэв журам хамгаалах газар ямар чиг үүрэгтэй ажиллаж байв. Энэ хэрэгт таны оролцоо юу байдаг вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарын л нэг хэсэг байсан шүү дээ. Тухайн үед хамгийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн. Хэрэгт ямар ороолцоо байсныг прокуророос асуух хэрэгтэй байх. Цагдаагийн удирдлага, алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн л оролцоо байгаа. Үүнийг л мушгин гуйвуулаад байгаа юм.
-Цагдаагийн удирдлагуудад заавар чиглэл өгсөн хүнийг нэрлэж болдоггүй юмуу?
-Би цагдаа. Би цэрэг биш. Тусдаа хуультай, тусдаа тангарагтай, тусдаа хийдэг ажилтай хүмүүс.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ