
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Гана Улсын Элчин сайд Сэт Корантенг, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Элчин сайд Ато Сейум Месфин нарыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан тус тус хүлээж авч уулзаж, хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.
Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу Африк тивийн улс орнуудтай, түүний дотор Гана, Этиоп Улстай тогтсон найрсаг харилцаагаа цаашид ч өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсч байгааг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэлсэн.
Сайд Г.Занданшатар Гана Улсын Элчин сайдтай уулзах үеэрээ хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх нөөц бололцоог хамтран эрэлхийлэхийн зэрэгцээ олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа, тухайлбал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийсэн.
Тэрээр Этиоп Улсын Элчин сайдтай уулзахдаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Монгол, Этиоп Улс нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд төдийгүй эдийн засагт нь хөдөө аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг зэрэг ижил төстэй зүйлүүд байгаа тул энэ чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нөөц бололцоо байгаа гэж мэдэгдсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ