Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ.
-Тавантолгойн стратегийн ордын хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтын асуудал юу болж байна вэ. Та Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд тодорхой хариулт өгөх байх?
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал сүүлийн үед сөхөгдөх боллоо. Тухайлбал, Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн гэрээ хэлцлийг удаашруулж байгаа гэх зүйл яригдах болсон. Үүнд тайлбар өгөх нь зүйтэй болов уу. Засгийн газраас Тавантолгойн асуудлаар байгуулсан ажлын хэсгийн орлогч даргаар Х.Баттулга сайд надтай хамтарч хоёр жил гаруй ажилласан. Орлогч даргын хувьд хамтдаа гэрээ хэлцэл хийж байсан. Юунаас болж Тавантолгойн хөрөнгө оруулалт гацаад байгааг Х.Баттулга өөрөө мэдэж байгаа.
-Үүнтэй холбоотойгоор нууц гэрээний асуудал сөхөгдсөн шүү дээ?
-Оросын төмөр зам, Солонгос, Японы компаниудтай хамтарсан консерциумын хувьд хүндрэлтэй асуудал бий болоод байна. Нэгдүгээрт, Тавантолгойн асуудлаар Ц.Нямдорж сайд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл өгсөн байна билээ. Оросуудтай Тавантолгойн лицензийг өгөх, Тавантолгойгоос Сайншанд руу чиглэсэн төмөр зам барих зорилгоор “Монголын дэд бүтцийн хөгжил” гэдэг компанийг хамтарч байгуулаад явж байсан. Гэрээ хэлцлийн хүрээнд Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын хуулийн дагуу ажиллаж байхад Оросын талаас “Урьд өмнө нь буюу гурван жилийн хугацаанд Зам тээврийн яамтай хийж байсан гэрээгээ яагаад өөрчлөх болов. Тавантолгойн лиценз, төмөр замыг яагаад өөр хөрөнгө оруулагчдад өгөх гэж байгаа юм бэ” гэж асуусан. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаан дээр ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдоржийн тайлбарласнаар Солонгос, Хятадтай хамтарсан гэрээг Оросын талаас асуусан болохыг мэдсэн. Ингээд би “Ийм гэрээ байгуулсан уу” гэж Х.Баттулга сайдаас асуухад “Тийм гэрээ байхгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр гэрээ нь байгааг би харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын томоохон гэрээнд гарын үсэг зурахын тулд Засгийн газраас зөвшөөрөл авах хуультай. Тэгэхээр хууль зөрчсөн гэрээ гэх мэтчилэнгийн олон төвөгтэй асуудал гарч ирсэн учраас Тавантолгойн ордын хөрөнгө оруулалт саатаад байгаа. Эцсийн байдлаар Оросын төмөр зам, Япон, Солонгосын консерциумд хариугаа өгөхгүй, төмөр замын асуудлыг тодруулахыг хүлээгээд л байж байна.
-Өчигдөр ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга Ерөнхий сайд болон бусад сайдыг АТГ-т өгсөн. Таны нэр ч энэ дунд байгаа. АТГ-т шалгуулахаар өгснийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Яг ямар асуудлаар АТГ-т өгснийг би мэдэхгүй байна. Гэхдээ надад өгсөн мэдээллээр бол Тавантолгойтой холбоотой асуудлаар гэж ойлгогдсон. Би дахин хэлэхэд, энд тэнд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээ хийгдсэн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн явдал. Засгийн газар өнөөдөр ил тод ажиллахыг хичээж байгаа. Монгол Улсын эрх ашиг хөндөгдсөн, геополитиктэй холбоотой Тавантолгойн асуудалд Засгийн газрын гишүүд үнэхээр Монгол Улсын төлөө зүтгэж л байгаа бол нууц гэрээ байгуулах учиргүй. Олон нийт үнэхээр хууль зөрчсөн үйлдэл болж уу, үгүй юу гэж ажиглаж байгаа үед анхаарлыг нь өөр зүг рүү хандуулж, АТГ-т өгч байгаа нь буруу.
-Монголд төмөр зам барих юм уу, үгүй юу?
-Төмөр зам гэдэг бол чухал зүйл. Гэхдээ Сайншандын төмөр замын зураг төсөл одоо болтол бэлэн болоогүй байгаа. Өөрөө хэлбэл, төмөр замын зураг нь гараагүй байхад төмөр замтай болно гэдэг ойлголт утгагүй. Иймэрхүү олон ээдрээтэй мэдээллийг тодорхой болгож, Засгийн газраасаа нуугдаад байгуулсан гэрээ байдаг юм бол түүнийг нь ил тод болгоё. Мөн гарах үр дүнг нь засч залруулах талаар яръя гэдэг агуулгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж байж, дараа нь төмөр зам барих асуудлаа ярих нь зүйтэй. Ерөнхийдөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт тодорхой чиглэл өгөх байх гэж бодож байна.
-Нууц гэрээ үнэхээр байгаа юм бол яагаад хэвлэлийнхнээр дамжуулж ард түмэнд үзүүлж болохгүй байгаа юм бэ?
-Х.Баттулгын байгуулсан нууц гэрээг би нүдээр үзсэн. Үзүүлж болно. Тийм учраас ЗТБХБ-ын дэд сайдыг яг энэ асуудлаар мэдээлэл хийгээч гэдэг хүсэлтийг тавиад байгаа. Тэгэхгүй бол ХЗДХ-ийн сайд нь нэг зүйл яриад байдаг, Хэрэг эрхлэхийнх нь дарга нь бас нэг зүйл ярьдаг, ЗТБХБ-ынхан нь өөр зүйл яриад байж болохгүй. Тиймээс хэвлэлийнхэн ЗТБХБ-ын дэд сайдтай уулзаж нууц гэрээний тухай ард түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.
-Сүүлийн үед гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тавантолгойн IPO хийх хугацааг хойшлуулсан гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү?
-Үүнийг холбоотой хүмүүсээс нь асуу. Би хариулах боломжгүй.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ