
2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн талаар УЕП Д.Дорлигжав байр сууриа илэрхийллээ.
-Цагдаагийн экс дарга нарын шүүх хурлыг улс төржүүлж байна гэх хүн олон байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хуулийнхан шударгаар шалгаж чадаж байна уу?
-Аливаа нэг хэрэг шүүхэд шийдэгдээд журмаараа явах ёстой. Шаардлагатай гэвэл дараа нь тайлбар хийж болдог. Гэтэл энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, буруугаар тайлбарлаж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүй болтол нь дарамтлах, өндөр албан тушаалтнууд элдэв тайлбар, мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллагад ноцтой бэрхшээл учруулж байна. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн баримтгүй мэдээ материал их цацаж байна. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Гэхдээ тэр нь хуулийн хүрээнд үндэслэлтэй нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн, нийгмийн дэмжлэг авахыг оролдсон хөдөлгөөн болгож, зохион байгууллахыг оролдсон байдал ажиглагдаж байна. Харамсалтай нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцоод байгаа учир төвөгтэй байна.
-Цагдаагийн экс удирдлагуудийг хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гээд байгаа?
-Тэднийг буруу зүйл ангиар зүйлчилсэн, хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гэж ярьдаг. Яагаад Эрүүгийн хуулийн 274 дүгээр ангид заасан зүйл ангиар зүйлчилсэн бэ гэхээр, Зэвсэгт хүчин бусад цэрэгт алба хааж байгаа үүрэг гүйцэтгэж байгаа дайчлагаар татагдсан хүмүүс энэ үйл ажиллагааг явуулж байх үедээ хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэгт тооцож ял шийтгэнэ гэсэн байгаа. Гэтэл Хууль зүйн сайд, цагдаагийн дарга, хууль зүйн байнгын хорооны даргаас эхлээд бүх хүмүүс нь хуучин хуулиар шийтгэж байна гэдэг. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Хилийн цэрэг, дотоодын цэргийн албан хаагчид цэргийн гэмт хэргийн сувьект болно гэсэн байгаа. Өөрсдөө хуулиа тогтоочихоод одоо энэ хуулиар буруутгаж байна буруу биш гээд байгаа нь зүйд нийцэхгүй.
-Танайхаас цагдаа буудсаныг тогтоосон гэж олон удаа мэдэгдээд байгаа?
-Ер нь хөдлөшгүй баримтаар тогтоосон учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа. Хэрвээ баримт хангалтгүй байсан бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно.
-Тэгвэл яагаад хэн хэнийг буудсаныг шалгаж байгаа гэж мэдэгдээд байгаа юм бэ?
-Хэвлэлийнхэн цагдаагийн экс удирдлагуудын хэргийг, цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Цагдаагийн экс удирдлагууд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь нас хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Тэгэхээр хүн буудах үүрэг өгөөгүй гэдэг нь хүмүүсээ зөв удирдаж чадаагүйгээс хүний амь нас хохирсон гэж буруутгаж байгаа юм. Хүн буудсан гэх цагдаагийн хэргийг бол шалгаж байгаа.
-Монголын ард түмэн цагдаагийн дарга нар хариуцлага алдсан эсэхийг биш, хэн буудсаныг нь тогтоохыг хүсэж байгаа?
-Тогтоохын тулд ажиллаж байна.
-Уг нь хурандаа нарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Гэтэл яагаад сэргээн шалгах болов. Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгадаг тохиолдол байдаггүй гэсэн?
-Хохирогчдын ар гэрийнхэн тэдэнд холбогдох хэргийг буруу зүйлээр зүйлчилж, цагдаагийн дарга нарыг ялаас чөлөөлсөн хэмээн хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчдийнхөө хамт гаргасан. Прокурорын байгууллага өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, хуулийн үндэслэлтэй хэмээн сэргээсэн.
-Зүйл ангийг буруу хэмээн Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэцэд маргаан үүссэн байхад түтгэлзэх ёстой байдаг гэсэн?
-Энэ бол шүүхийн асуудал. Шүүх үйл ажиллагаа үргэлжлүүлэх үү, завсарлах уу, түтгэлзүүлэх үү, ямар шийдвэр гаргах нь шүүх өөрөө мэднэ. Прокурорын байгууллагаас мэдэгдэл хийх эрх байхгүй.
-Үймээнийг турхирсан гэх хэргүүд хаачив. Ганцхан яагаад цагдаагийн экс дарга нарын хэргийг сугалж яллах гээд байна?
-Долдугаар сарын 1-ний гэх олон хэрэг байсан. Шалгагдах явцад хууль зүйн үндэслэлтэй учраас Өршөөлийн хуульд хамрагдсан.
-Долдугаар сарын 1-ний хэргийг ганцхан прокурорын байгууллага шалгасан нь учир дутагдалтай. ТЕГ, ЭЦГ гээд хуулийн байгууллага хамтран шалгах ёстой гэсэн шүүмжлэл байдаг?
-Нэгдүгээрт, хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, цагдаа болон тодорхой төрлийн тусгай албан хаагчдын үйлдсэн, өдүүлсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгахаар хэргийн харьяаллыг хуульчилж тогтоосон байдаг.
Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр ҮАБЗ хуралдаж, уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь зүйтэй гэсэн байдаг.
-Шүүх хурлын үеэр хэргийг шууд тусгаарлаад, цагдан хориод байгаа нь улс төржүүлээд байна гэх хардлага байна?
-Хуулийн байгууллага ажлаа л хийж байна. Шүүхийн байгууллага ч гэсэн. Ерөнхийлөгч цагдаагийн даргад үүрэг өгсөн тухайд шүүхээс прокурорын байгууллагад гомдол очсон. Мөн Засгийн газар болон бусад байгууллагад шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж байхгүй, шүүн таслах ажиллагаа явагдах боломжгүй боллоо. Энэ ажиллагаа явахгүй болбол цаашид юу үүсэх билээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Засгийн газар, прокурор бүгд анхаарал хандуулах ёстой.
-Шүүгчийн биед халдсан гэх гомдол гарсан шүү дээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ийм гомдол ирсэн. Гэхдээ одоогоор бидэнд шүүгчийн биед халдсан хүмүүст Эрүүгийн хуулийн тийм заалтаар хэрэг үүсгэн шалгаж өгнө үү гэсэн гомдол хараахан ирээгүй байна. Зөвхөн шүүх хурал явуулах нөхцөл боломжийг биелүүлж өгөөч гэсэн хүсэлт л ирсэн. Тодорхой хүн заагаад энэ хүн ингэж шүүгчид хандсан гэсэн мэдээлэл ирээгүй.
-Одоо хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн экс удирдлагууд өмнө нь энэ хэргээр шалгагдаж Өршөөлийн хуульд хамрагдсан. Өршөөлийн хуульд хамрагдсан гэхээр эдгээр хүмүүс гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Эрүүгийн гэмт хэрэгт, сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа хүний хэргийг шалгах явцад Өршөөлийн хууль батлагдвал тэр хүнд хоёр сонголт байдаг. Нэг бол гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдах, эвсэл би энэ гэмт хэрэгт буруугүй учир гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг дуустал нь шалгуулна гэдгээ илэрхийлэх юм. Түрүүчийн хэргийг нь Өршөөлийн хуульд хамруулаад хэрэгсэхгүй болгосныг бодоход эдгээр холбогдогчид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн хэмээн ойлгож байгаа.
-Үндсэн хуулийн цэцэд Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан тогтоолыг өгсөн. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл яах вэ?
-Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал УИХ энэ хуулиа яах юм бэ гээд л олон дарааллаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гаргахаас энэ хэргийг олон зүйл шалтгаална.
-Хүн буудсан хэргээр Эргүүл хамгаалалтын 10 цагдаа шалгадаж байгаа энэ хэрэг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хэвээр шалгагдаж байгаа юу?
-Шалгагдаж байгаа.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ