Замын цагдаагийн газрын ахмад ажилтнуудын нэг ахлагч Б.Цэрэндорж. Тэрбээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс өнөөгийн “хэвтээ цагдаа” гэж нэрлэдэг замын хурд сааруулагчийг санаачлаад удирдлагаасаа банга хүртэж явсан нэгэн.
-Таныг Засагт ханы хөх харчуудын нэг гэдэг бил үү?
-Тийм ээ. Би 1943 онд Говь-Алтай аймгийн Наран буюу одоогийн Халиун сумын нутагт Хар азаргын нурууны өвөрт эхээс мэндэлсэн юм. Тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар эцэг эхийнхээ ажилд туслан, мал ахуйтайгаа хөөцөлдөж, үеийнхэнтэйгээ ноцолдож бага насаа үдсэн хүн дээ.
-Хэзээнээс Замын цагдаад ажиллах болов?
-20 насандаа зарлан аваад 1963-1966 оны хооронд цэргийн алба хаасан.Биднийг халагдах жил буюу НАХЯ, БХЯ-ны сайдын хамтарсан тушаал гарч, нэр бүхий 30 хүнийг Цагдан сэргийлэх байгууллагад шууд шилжүүлэн ажиллуулах болсон юм. Тэдний тоонд миний бие багтаж, хүчний байгууллагад орж, төрийн алба хаагч болсон. Төр засгаас оноосон энэ албандаа 1988 оны зургадугаар сарын 1 хүртэл ажиллаад, гавьяаныхаа амралтанд гарч өдгөө сайн сайхан амьдарч байна.
-Зохицуулагч болоод ноцтой осол хэрэг, зөрчил хэр олныг илрүүлж байв?
-Осол хэрэг зөрчил мундахгүй олныг илрүүлж байсан даа. Гэхдээ ийм ийм ноцтой осол, зөрчил илрүүлж явлаа гэхээсээ илүүтэйгээр сайн нөхдөө дурсаж яримаар байна.
Тухайлбал, УАТХШБГ-ын Хөдөлгөөний албаны хэлтсийн дарга, хурандаа С.Зодвоо гэж хүн байлаа. Энэ хүн зохицуулагч бидэнд эцгийн ёсоор хандаж, мэдэхгүй чадахгүй зүйлийг минь зааж зөвлөж, ажил хөдөлмөрт сурган зүгшрүүлдэг байж билээ.Мөн хошууч Балдан, Доржсүрэн, ахмад Дэнзэнлхам, М.Рэнцэндорж, зохицуулагч Авирмэд, Сандуй, Намхай, О.Бямбаа, Батбаатар, салааны дарга дэслэгч, өдгөө дэд хурандаа болсон Л.Амгалан, Т.Даш, зохицуулагч Баасанжав, Г.Бандгай, Сангидорж, Х.Даваадорж гээд олон сайхан хүнтэй хамт ажиллаж байж тэр осол зөрчлийг илрүүлж явсан юм шүү.
-Таныг урлаг уран сайханд оролцдог шаггүй авьяастай, бас шагнал урамшуулал хүртэж байсан гэж нөхөд тань дурсах юм билээ?
-Өөрийн үндсэн ажлаа хийхийн хажуугаар байгууллага болон яам, улсаас зохион байгуулдаг урлаг уран сайхны ажилд байнга оролцдог байсных Улсын тэргүүний уран сайханч цол тэмдгээр шагнуулж явсан үе ч бий.
-Энэ цолыг та Замын цагдаад хамт ажилладаг найзтайгаа хамт авсан гэл үү?
-Найз Г.Намхайгийнхаа хамт шагнуулсан юм.Бид хоёрын хамт зогсоод уртын дуу дуулж байгаа зураг байдаг юм.
-Цол тэмдэг гэснээс та ямар цолтой тэтгэвэрт гарав. Төр засгаас ямар гавьяа шагнал хүртсэн бэ?
-”Онц сэргийлэгч”, таван жилийн гавшгайч гээд шагнал урамшлаас гадна Байлдааны гавьяаны одон, Байлдааны медаль, Цагдан сэргийлэх байгууллагын 50, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медальтай шүү. Цолны хувьд ахлагч цолтойгоо л тэтгэвэртээ гарсан. Тухайн үед цол олгох шалгуур одоог бодвол хатуу байж.
-Зохицуулагчийн ажил цаг наргүй. Хотод хөдөлгөөн зохицуулахаас гадна ийш тийш өөр ажилд хэр их дайчлагддаг байв уу?
-Намайг зохицуулагч байх үед оюутнууд намрын ургац хураалтад явдаг, сангийн аж ахуй, ургацын талбайд олон зуун машин техник ажилладаг байв. Тэгэхэд би олон ч намрын ургац хураалтад явж байлаа.
Бид өдөр тутмын хөдөлгөөн зохицуулах ажлын хажуугаар нэгдсэн шалгалт хийнэ. Гадаадын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид ирэх үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гээд цаг наргүй, нойр хоолоо умартан ажиллаж байсан өдөр хоногууд цөөнгүй.
-Зам дээр хурд сааруулагч гэж зүйл сүүлийн үед нэлээд тавих болсон. Социалист нийгмийн үед та анх үүнийг санаачлаад улмаар арга хэмжээ авахуулж байсан гэж сонссон. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-1980-аад оны үе юм аа. Зохицуулагч Сангидорж бид хоёр ярилцаад хурд хэтрүүлээд байгаа газруудын орчимд болон сургуулийн хүүхдүүд олноор явдаг газарт зохиомол донсолгоо буюу одоогийн хурд сааруулагчийг тавих санал гаргасан юм. Зарим нь үүнийг хэвтээ цагдаа ч гэж нэрлэж байх шиг байна. Хурд сааруулж осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн саналаа бид нэгэн хурал дээр хэллээ. Гэтэл юун шинэ оновчтой санаа байх вэ. Улс нийгмийн хөрөнгө, социалист өмчийг эвдлэн сүйтгэх гэсэн аюултай хүнээр тодорч бид арга хэмжээ авахуулахдаа тулж байсан юм.
-Одоо бол хаа сайгүй л ийм хурд сааруулагч байна шүү дээ.
-Харин тийм ээ. Тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлаас болж л бид шүүмжлүүлж байж. Одоо бол хаа л бол хаана, ялангуяа сургуулийн орчимд ийм хурд сааруулагч, зохиомол донсолгоо тавьдаг болсон байна шүү дээ.
-Тэтгэвэртээ гарсан ахмад ажилтнууддаа ЗЦГ-ын удирдлагууд хэр анхаарал халамж тавьдаг вэ?
-Манай Замын цагдаагийн газрын үе үеийн удирдлагууд тэтгэвэрт байгаа биднийгээ жилд гурваас доошгүй удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байдагт өвгөн би үнэхээр их баярлаж явдаг. Тэднийхээ ажил үйлс нь мандан бадарч, цэцэглэн хөгжиж явахын ерөөлийг байнга өргөж суудаг шүү, ах нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ