Алтайн уулсаар аялсан нь
Хаврын өдрүүд налгар, малчдын сэтгэл тэнэгэр байна
Баруун Алтайд хаврын урьж орж, сүрэг мал нь шинэ төлөөр арвижин өнтэй сайхан байна. Өдийд хөглөгөр Алтайн хөх уулс цасан хучлагатай манхайж байдаг бол энэ жил нэлдээ бараантан хүглийж харагдана. Өнгөрсөн жил дэлгэр сайхан зун болж газрын гарц сайн гарсан болохоор мал сүрэг нь онд тарган орж, эх мал жилбэтэй, төл торниун, зарим газарт ямаа, сарлаг хээл хаяж буйг эс тооцвол гарз хохирол багатай байгаа аж.
Хаврын энэ налгар өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажлын явц, мал хаваржилт, төл бойжилтын байдалтай танилцах, иргэд сонгогчидтой уулзаж УИХ-ын бодлого шийдвэр, намрын ээлжит болон ээлжит бус чуулганы үр дүнг сурталчлан таниулах, иргэд сонсогчдынхоо санал хүсэлтийг сонсохоор энэ сарын 18-22-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан юм.
Тэрбээр цагаан сарын өмнөхөн Ховд аймгийн Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан сумдад ажилласан бол энэ удаагийн томилолтоо Цэцэг сумаас эхэлсэн юм. Улаанбаатар хотоос 1200, аймгийнхаа төвөөс 230 км алс оршдог тус сум 643 айл өрх, 2700 гаруй хүн ам, 80700 гаруй толгой малтай аж. Өвөлдөө өнтэй сайхан өвөлжсөн, одоогоор төллөх бог малын 60 орчим, бод малын 14 хувь нь төллөж, эх мал жилбэтэй, төлийн хорогдолгүй байгаа тухайгаа сумын Иргэдийн хурлын дарга Ж.Мөнхзориг танилцууллаа. Ер нь Ховд аймгийн хэмжээнд энэ жил цас багатай, дулаахан өвөл болж өнгөрчээ. Одоогоор аймгийн хэмжээнд төллөх эх малын 60 гаруй хувь нь төллөж, төл бойжилт өндөр хувьтай байгаа болохоор хэдэн жилийн өмнөх зудын хохирлыг давах таатай боломж бүрдэж байна хэмээн аймгийн удирдлагууд ам сайтай байлаа.
Энэ жил 56 мянга гаруй мал төллүүлэх Мөст суманд л гэхэд бог малын 98 хувь, бодын 20 орчим хувь нь төллөж сүрэг мэнд, төл бүрэн байгаа бол Дуут сумын эх малын талаас илүү нь төллөөд байгаа аж. Энэ жилийн тухайд Мөст, Мөнххайрхан, Дуут зэрэг өндөр уулын бүсийн зарим суманд сарлаг хээл хаясан тохиолдол нэлээд гарчээ. Энэ нь өвлийн их хүйтнээр вакцин хийсэн, эсвэл вакцин чанаргүй, хадгалалтын горим алдагдсанаас болсон байж магадгүй, өнтэй сайхан ийм жил төл авах боломж алдсандаа харамсаж байна гэдгээ малчид хэлж байв. УИХ-ын даргатай хамт орон нутагт ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле энэ асуудлын талаар “Асуудлыг газар дээр нь үзэж танилцаж дүгнэлт гаргахаар яамнаас мэргэжлийн хэсэг ирүүлээд байгаа. Вакциныг Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаар баталгаажуулж байж хийдэг учраас малын хээл хаялтад вакцин нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Учир нь ийм вакциныг Баянхонгор, Дархан-Уул аймгийн малд ч хийсэн, тэндээс хээл хаясан мэдээлэл ирээгүй байгаа. Газар дээрээс нь авсан ийлдсэнд хийсэн шинжилгээний хариу ирэх сарын 15 гэхэд гарахаар нь тодорхой арга хэмжээ авна. Мал хээл хаях явдал ганцхан Ховдод биш Баян-Өлгий, Увс аймагт ч гарч байгаа. Энэ жилийн тухайд ялангуяа өндөр уулын бүсэд хөрсөн дээр урьд өмнөхөөс илүү хүйтэн байсан нь мал хээл хаяхад нөлөөлсөн байж магадгүй юм” гэж байв.
УИХ-ын дарга зам зууртаа Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин С.Минжин, Мөнххайрхан сумын Цэнхэр багийн малчин Н.Чоглом нарын сууриар орж мал хаваржилт, төллөлтийн байдалтай танилцсан юм. С.Минжин гуайнх хаваржаандаа жижигхэн байшин барьж, суурин газрын айлаас дутахгүй тохилог амьдардаг аж. Цагаан шанд хэмээх энэ хаваржаанд гурван үеэрээ хаваржиж ирсэн тэрээр “Манай энэ хаваржаа нөөлөг ихтэй, үе үе хүчтэй салхилдаг газар. Байшинтай болсноор салхи шуурганд санаа зовохгүй аятай юм. Гэхдээ малын хөлийн чимээ сайн сонсогдохгүйн зовлон бас байна аа” хэмээж байв. Харин Н.Чоглом гуайнх ойролцоо нутагладаг гучаад айлтайгаа нийлж малчдын хэсэг байгуулан бэлчээрээ зохистой ашиглах, малын түүхий эдээ борлуулахад санаа нэгдэж ажилладаг байна. Тэднийхэн 12 га-г хашиж хамгаалан хадлан авч байгаа, цаашдаа хэсгийн төвтэй болох бодолтой байдгаа хэлээд энэ талаар аймаг, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсч байв. Энэ талаар УИХ-ын дарга “Малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийг дэмжихэд ихээхэн анхаарна. Хамтраад үр өгөөжтэй ажиллаж байгаа сайн хоршоо, нөхөрлөл ч нэлээд бий. Энэ онд сум бүрт 20 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх замаар нэг сумаас малчдын хоёр нөхөрлөл, хоршоог шалгаруулж дэмжлэг үзүүлэхээр болсон. Иймээс та бүхэн хамтарч сайн ярилцаад төслөө сайн боловсруулж оролцоорой” гэж зөвлөв. Мөн энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн хөгжлийг дэмжихэд ихээхэн анхаарч баг тус бүрт 4.1 сая төгрөгийн хөгжлийн сан байгуулахаар болж байгаа тул иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэн энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлэв. Түүнчлэн энэ жил аймгийнхаа 90 шахам багийн төвийг холбооны найдвартай сүлжээтэй болгоход 1.7 тэрбум, багийн төвийг шинээр барих, тохижуулахад 660 сая төгрөгийн хөрөнгө оруулал хийхээр болсны зэрэгцээ сум бүрийг 50-60 сая төгрөгийн хөгжлийн сантай болгож байгааг дуулгалаа.
Төрөөс авсан арга хэмжээний үр дүнд малчдын орлого нэмэгдэж, малын үнэ ханш өсч, тэр хэрээр амьдрал ахуй дээшилж буйд сэтгэл өндөр буйгаа малчид хэлж байв. Зөвхөн өнгөрсөн онд Ховд аймгийн хэмжээнд 371 өрх ноосны урамшуулалд нийтдээ 680 сая төгрөг, Цэцэг сумын тухайд л гэхэд 179 өрх 48.2 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Төрийн бодлогоо таниулж, иргэдийн үгийг сонсов
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллах үеэрээ дээрх сумдын мал хаваржилт, төллөлт, цаг үеийн ажлын явц байдал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариу өгсөн юм. Мөн очсон сумын бүрийнхээ иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар танилцуулж байлаа.
Тэрбээр иргэдтэй уулзахдаа, УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж байсан учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулж хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлахад 2012 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 80 мянган төгрөгөөр, ахмад настнуудын тэтгэврийг 35 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах чухал шийдвэр гаргалаа. Түүнчлэн иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлтэй асуудал болж яригддаг шүүхийн шинэчлэлд чухал алхам болох багц хуулийг баталлаа. Гол нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын зөрүүтэй байснаас асуудлыг шийдэж чадсангүй. Гэхдээ энэ асуудлыг удахгүй эхлэх хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Мөн энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнгийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг УИХ-ын дарга онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.
Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолж байв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ, Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллах байх гэдгээ илэрхийлж байв.
УИХ-ын даргатай хийсэн уулзалтад оролцсон иргэд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтын асуудлын талаар өөрсдийн санаа бодлоо хэлэхийн зэрэгцээ орон нутаг хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сум, багуудыг хөгжүүлэх сан, зээл, тусламжийн хөрөнгийн хуваарилалт, хэрэгжилт, эргэн төлөөлтөд иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэй байгааг санал болгож байв. Түүнчлэн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах боломжгүй, мөн 2008 оны долдугаар саын 1-ний үймээн самууныг өдөөн турхирсан жинхэнэ эзэд нь олон түмний нүдэн дээр ил байсаар атал үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн удирдлагууд, ажилтнуудыг буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус явдал гэж үзэж буйгаа хэлж байлаа.
Хөшөөтийн уурхай орон нутгийн хөгжилд нэмэртэй
Ховд аймгийн 17 сумаас ганцхан Цэцэг сум эрчим хүчний шугамд холбогдож чадаагүй дизель станцаа цагийн хязгаартай ажиллуулдаг юм байна. Харин энэ онд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр зэргэлдээ Зэрэг сумаас шугам татаж тус сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэсэнд сумын иргэд тун баяртай байгаагаа хэлж байв. Харин сумын нутгаар нүүрс тээвэрлэн гадагш зөөж ихээхэн тоосжилт үүсгэж байгаа Хөшөөтийн уурхайн асуудалд нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаль орчин, хүн, малд үзүүлэх хор нөлөөг багасгах арга хэмжээ авахыг байнга хэлж шаардаж байдаг тухайгаа аймаг, сумын удирдлагууд УИХ-ын даргад хэлж байв. Хөшөөтийн уурхай нь нутаг дэвсгэрийн хувьд Дарви сумын нутагт ордог ч засаг захиргааны нэгжийн хувьд Цэцэг сумын нэг багт харьяалагддаг юм байна. Иймээс уурхайн тосгоны тоосжилтын байдлыг шалгаж тооцсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, иргэдийн санал хүсэлтийг харгалзан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уурхайн тосгоныг нүүлгэн сумын төвийн ойролцоо төвлөрүүлж багийн шинэ төв байгуулахаар шийдвэрлээд байгаа аж. Хэдийгээр зарим иргэдийн зүгээс уурхайн талаар янз бүрийн яриа санал тавьдаг ч орон нутгийн хөгжилд ашиг тустай, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг тул аль болохоор зохистой ашиглахыг эрмэлздэг гэдгээ орон нутгийн удирдлагууд хэлж байв. УИХ-ын дарга ч тэдэнтэй адил байр суурьтай байгаагаа хэлээд уурхайн үр өгөөжийг орон нутгийн иргэд хүртдэг, тэд баялгийнхаа эзэн байх зарчим барьж ажиллах учиртай. Гэхдээ байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөөгүй байх ёстой. Энэ үндсэн дээр эхлээд нүүрс тээвэрлэх замаа тавих, түүнчлэн дулааны цахилгаан станц барих, бас коксжсон нүүрс гаргах дэс дараатай арга хэмжээ авах, энэ бүхэн нь орон нутгийн иргэд, байгууллагад дэмжлэг болдог, аймаг, сумын төсвийн орлогыг нэмэгдүүлдэг, хөгжилд нэмэр үзүүлдэг байх шаардлагыг уурхайн удирдлагуудад тавьж ирсэн, энэ чиглэлээр зарим үр дүн гарч байгаа. Тухайлахад уурхайгаас хилийн боомт хүртэл 310 гаруй км засмал зам тавьж нүүрс тээвэрлэх боломжтой болсон. Одоо уурхайг түшиглэн 32 мгват-ын цахилгаан станц барих шаардлага тавьж байгаа. Үүнийг хэрэгжүүлж чадвал Цэцэг, Мөст сумдыг дайруулан 110 квт-ын шугам татаж баруун талын сумдын эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээс хангах боломжтой болох юм гэлээ.
Ер нь Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн хөгжлийн гол тулгуур болох учиртайг УИХ-ын дарга онцолж байв. Учир нь зөвхөн энэ онд л гэхэд тус уурхайгаас Хятад улсад гаргасан нүүрсний татвараас орон нутгийн төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Ингэснээр Ховд аймаг улсаас татаас авахгүйгээр төсвийн орлогоо бүрдүүлж бие дааж хөгжиж боломж бүрдэх учраас уурхайн үр өгөөжийг орон нутагт хүртээлтэй байлгах чиглэлийг барьж ажиллах зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын дарга нутгийн иргэдэд дуулгасан юм.
Наурызын баярт оролцож, казах түмэндээ хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл казах түмний хаврын наурыз баярын битүүний өдөр Ховд аймгийн ганц казах сум болох Ховд сумын иргэдтэй уулзаж наурыз баярын мэндчилгээ дэвшүүлээд Баян-Өлгий аймгийг зорьсон юм. Монголын баруун хязгаар нутаг болох Баян-Өлгий аймаг 100 мянга гаруй хүн ам, 20.9 мянган өрхтэй, өнгөрсөн онд мал сүргээ таван төрлөөр өсгөн оны эцэст нэг сая 320 гаруй мянган мал тоолуулжээ. Тус аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, нэг тосгон, 86 багтай юм. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн үйлдвэрлэлт өмнөх оныхоос бараг 60 шахам хувиар өсч, ядуу өрхийн тоо найман хувиар, гэмт хэргийн гаралт мөн ийм хэмжээгээр буурсан, мөн сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын эрчимтэй өрнөж байгаа. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын болон үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрийн нэгжүүдээс нийтдээ 30.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн аймгийн урсгал төсөв хэмнэлттэй гарч, татварын орлого 20 гаруй хувиар давж биелсэн, иргэдийн орлого өсч хадгаламж өссөн дүнтэй байгаа хэдий ч ажилгүйдэл буурч чадахгүй байгаа, оны эхний дүн мэдээгээр аймгийн хэмжээнд зөвхөн дээд боловсролтой мянга гаруй залуу ажилгүй байгаа нь сэтгэл зовоож буйг аймгийн удирдлагууд хэлж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл наурыз баярын битүүний орой аймгийн иргэдтэй уулзалт хийж улс орны нийгэм, эдийн засгийн байдал, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм. УИХ-аас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд монголчууд дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давж эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бүрдүүлж чадсанаар сүүлийн жилүүдэд улсын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ урьд хожид байгаагүй хэмжээгээр өсч хэдэн их наядаар хэмжигдэх болсон, энэ хэрээр иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бодитой боломж бүрдсэнийг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн хөгжлийн асуудалд ихээхэн анхаарч мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, малчид тариаланчдаа дэмжиж урамшуулах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чиглэлээр бодлогын хэд хэдэн чухал шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг орон нутгийн жишээ баримтад тулгуурлан баримт дурдаж хэлэв. Мөн иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс дэс дараатай арга хэмжээ авч ирсэн нь зохих үр дүнгээ өгч байгаа, тухайлахад иргэддээ эх орны хишиг хувь хэлбэрээр сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа. Баян-Өлгий аймгийн 90 гаруй мянган иргэдэд л гэхэд энэ хэлбэрээр жилдээ 48 тэрбум төгрөг олгож буйг дурдав. Мөн дөнгөж хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон, тэтгэврийг зөрүүг арилгах хууль баталсныг онцлов. Түүнчлэн энэ удаагийн УИХ нийгэмд шударга ёс тогтоох чиглэлд томоохон ахиц дэвшилж гаргаж чадлаа. Тухайлахад УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталж Ёс зүйн хороотой болсон, сонгуулийн хуулийг шинэчилж сонгуулийг мөнгөнөөс ангид явуулах зарчмын томоохон өөрчлөлт оруулсан, төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхийг хуульчилсан, хамгийн сүүлд л гэхэд ээлжит бус чуулганаар шүүхийн байгууллага, шүүгчдийн эрх зүйтэй холбогдсон багц хуулийг баталсан нь шударга ёс тогтоох чиглэлд чухал алхам болсныг дурдсан юм. Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн, УИХ-ын эрхэм дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллах далимдаа зориуд цаг зав гарган казах түмний наурызын баярт хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүлж буйд баярлаж талархаж буйгаа Өлгийн иргэд уулзалт дээр хэлж байлаа. Дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Жекей, Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, мөн зэвсэгт хүчин, цагдаа, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлагууд Өлгийчүүдэд наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас баярын мэндчилгээ ирүүлснийг уншиж сонсголоо. Наурыз баярыг тохиолдуулан тус аймгийн зарим тэргүүний сайчуудыг төрийн алдар цол, одон, медалиар шагнасныг энэ үеэр гардуулсан юм. Өлгийчүүдээс энэ өдөр багш, эмч, барилгачин гурван хүн гавьяат цол, 36 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 23 хүн “Алтан гадас” одон, хоёр хүн Цэргийн гавьяаны одон хүртлээ. Өлгий хотын төв талбайд болсон наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээний нээлт дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж, казах түмэнд наурыз баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. УИХ-ын дарга мэндчилгээндээ казахын ард түмэн өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй чанар, агуулга хэлбэрээ хадгалсан соёл, ёс заншилтай, түүнийгээ унаган төрхөөр нь хадгалж ирсэн онцлогтой. НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын өвд бүргэдээр ан бариулах соёлоо бүртгүүлсэн нь үүний нэг тод жишээ юм гэдгийг онцлон дурдлаа. Мөн аймгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн дөрвөн жилд 2008 оныхоос гурав дахин өсч зөвхөн энэ онд 30 тэрбум төгрөгт хүрсэн, казах түмний хичээл зүтгэлийн үр шимээр Өлгий хот болон сумдын төвийн нүүр царай өнгө засч улам өргөжин тэлж байгааг онцолсон юм. Дэлхийн 40 гаруй оронд амьдардаг казах иргэдийн чуулганаас Монголын казахуудыг үндэсний хэл, соёл, ёс заншлаа хэвээр нь хадгалж үлдсэн гэж дүгнэснийг НҮБ-аас зөвшөөрөгдсөн олон улсын хэмжээний энэ баярын өдөр Баян-Өлгийн казах түмэн бахархан ярьж байлаа. Ш.Содномжамц
СЭТГЭГДЭЛ БИЧИХ