
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Бизнес зөвлөл” хамтран “Төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт, зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад БНХАУ- ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Бао Сун Мин тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 20 гаруй аж ахуйн нэгж цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрөө танилцууллаа.
Хан-Уул дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоогоод 10 жил болж байгаа аж. Сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, хот тохижилтын чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдээд байгаа юм байна.
Зөвлөлгөөний үеэр Хан-Уул дүүргийн удирдлага “Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд төр захиргааны байгууллагуудын, ажилтан албан хаагчид туршлага солилцож найз нөхөд болохоос гадна жирийн иргэд, бизнес эрхлэгчдийг дотно нөхөрлүүлэх бодлого барьдаг.
Өнөөдрийн энэхүү уулзалт хоёр талын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зузаатгаад зогсохгүй, бизнес эрхлэгчдийг улам дотно нөхөрлүүлж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж байлаа.
Сүүлийн жилүүдэд тус дүүргийн хүн ам эрчимтэй нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдан бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Хан-Уул дүүрэг Монгол Улсын аж үйлдвэржилтийн тулгын чулуу тавигдсан үндэсний эдийн засгийн өлгий нутаг гэдгээрээ онцлог.
Тус дүүрэг эдүгээ хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөн, мал аж ахуй, газар тариалан хоршин хөгжих боломжтой, дэд бүтцийн хувьд төмөр зам, агаарын тээвэр, авто зам, эрчим хүч, барилгын үйлдвэрлэлийн салбар түлхүү хөгжсөн учраас эдийн засгийн чөлөөт бүсийн тааламжтай нөхцөл бүрдсэн, эдийн засаг, нийгмийн цогцолбор болоод буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ