Алсын зайн анагаах ухааныг нэвтрүүлэх төслийн III шат зургадугаар сараас хэрэгжинэ

img

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Люксембургийн Вант Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Карло Крейгерыг хүлээн авч уулзжээ.   Элчин сайд Карло Крейгер Люксембургийн Вант Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судас болон эх нярайн тусламж үйлчилгээнд алсын зайн анагаах ухааныг нэвтрүүлэх төслийн хоёр үе шат амжилттай хэрэгжиж дууссаныг онцлон тэмдэглэжээ. Мөн III дахь шатны төслийн албан ёсны нээлтийг Зүрх судасны үндэсний конференцийн үеэр буюу энэ оны зургадугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.   Мөн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг дэд сайд Ж.Цолмонгоос хүсчээ. Тухайлбал, төслийг хэрэгжүүлж байгаа эмнэлгүүдэд интернетийн хүчин чадал муу байгаа нь төслийн хэрэгжилтэд муугаар нөлөөлж байгаа болон эмнэлгүүдэд суурилуулсан машин, тоног төхөөрөмжийн эргэн тойрны жижиг барилга засварын ажлыг хийх зардлыг шийдвэрлэх асуудлууд байв.   Дэд сайд Ж.Цолмон интернетийн хурд, хүчин чадал муу байгаатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжих бөгөөд энэ төслийн хүрээнд эмнэлгийн байгууллагууд нэгдсэн сүлжээнд холбогдох тул интернетийн хүчин чадал сайжрах боломжтойг хэлжээ. Мөн барилга засварын ажлын зардлыг шийдвэрлэх талаар анхааран ажиллахаа мэдэгджээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ