
Манай улс Бүгд Найрамдах Кени Улстай энэ сарын 22-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчид гарын үсэг зуржээ.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн Конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна.
Кени улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс дэлхийн 164 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ