Сургагч багшийн гомдлыг хэлэлцэнэ
Циркийн уран нугараач охиныг зодсон гэм буруу нь анхан шатны шүүхээр тогтоогдсон сургагч багш Г.Энх-Амгаланд холбогдох хэргийн давж заалдах шатны гомдлыг маргааш нийслэлийн Шүүхэд хэлэлцэнэ.
Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцох аж. Уран нугаралтын багш Г.Энх-Амгаланг эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан.
Хэргийн талаар сануулбал Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан аж.
Тэгэхдээ 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэх гомдлыг охины аав, ээж цагдаагийн байгууллагад гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ