Сайд, прокурор хоёрын хэн нь үнэн хэлэв
2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуунаар хүний амь нас эрсэдсэн хэрэгт татагдсан цагдаагийн хуучин удирдлагуудын хэрэг өнгөрөгч долоо хоногоос эхлэн олны анхаарлын төвд ирлээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд нарт яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн зүйлчлэл дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нар өөр өөр байр суурьтай байгаа. Тэдний олон нийтэд өгсөн мэдээллээс иш татья.
Д.Дорлигжав: Генерал, хурандаа нарт үүсгэсэн зүйл анги хүчингүй болоогүй
“Аливаа нэг хэрэг шүүхэд шийдэгдээд журмаараа явах ёстой. Шаардлагатай гэвэл дараа нь тайлбар хийж болдог. Гэтэл энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, буруугаар тайлбарлаж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүй болтол нь дарамтлах, өндөр албан тушаалтнууд элдэв тайлбар, мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллагад ноцтой бэрхшээл учруулж байна. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн баримтгүй мэдээ материал их цацаж байна. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Гэхдээ тэр нь хуулийн хүрээнд үндэслэлтэй нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн, нийгмийн дэмжлэг авахыг оролдсон хөдөлгөөн болгож, зохион байгууллахыг оролдсон байдал ажиглагдаж байна. Харамсалтай нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцоод байгаа учир төвөгтэй байна.Тэднийг буруу зүйл ангиар зүйлчилсэн, хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гэж ярьдаг. Яагаад Эрүүгийн хуулийн 274 дүгээр ангид заасан зүйл ангиар зүйлчилсэн бэ гэхээр, Зэвсэгт хүчин бусад цэрэгт алба хааж байгаа үүрэг гүйцэтгэж байгаа дайчлагаар татагдсан хүмүүс энэ үйл ажиллагааг явуулж байх үедээ хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэгт тооцож ял шийтгэнэ гэсэн байгаа. Гэтэл Хууль зүйн сайд, цагдаагийн дарга, хууль зүйн байнгын хорооны даргаас эхлээд бүх хүмүүс нь хуучин хуулиар шийтгэж байна гэдэг. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Хилийн цэрэг, дотоодын цэргийн албан хаагчид цэргийн гэмт хэргийн сувьект болно гэсэн байгаа. Өөрсдөө хуулиа тогтоочихоод одоо энэ хуулиар буруутгаж байна буруу биш гээд байгаа нь зүйд нийцэхгүй”
Ц.Нямдорж: Цагдаагийн хурандаа нарыг хүчингүй болсон эрүүгийн зүйл ангиар яллаж болохгүй
“Цагдаагийн ерөнхий газрын удирдлага Дотоодын цэргийн командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан учраас түүний үйлдэл, эс үйлдэхүйг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилсэн” гэсэн тайлбарыг прокурорын байгууллагаас өгч олон нийтийг төөрөгдүүлж байна. Гэтэл 2007 оны долдугаар сарын 1-ний өдөр Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа үймээнийг албадан тараах ажиллагаанд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг татан оролцуулаагүй ба, техник хэрэгслийг нь ашиглаагүй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргаас ирүүлсэн танилцуулга бий. Хуулийн заалт болон бодит байхад Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүх гэж байгаа нь одоо мөрдөж байгаа эрүүгийн хуульд огт нийцэхгүй. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах шүүн шийтгэх эрх байхгүй. Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлгүй юм”
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ