
Этиоп улс болон Сомалийн засгийн газрын цэргүүд Аль Шабааб бүлэглэлийн дайчидтай гурав хоногийн турш ширүүн тулаан хийсний эцэст нийслэл Могадишо хотоос хойд зүгт орших Эл Бур хотыг хяналтдаа оруулж чаджээ.
Эл Бур хотод Аль Шабааб бүлэглэлийн дайчдын гол бааз төвлөрч байсан юм. Сомалийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн онд газар нутгийнхаа ихэнх хэсгийг Аль Шабаабын дайчдад алдаад байсан юм.
Аль Каидагийн салбар байгууллага болох Аль Шабааб нь зүүн хойд африкт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутгуудад хүрч буй хүмүүнлэгийн тусламжийн замыг хаах, дээрэмдэн тонох зэрэг халдлага үйлддэг байсан.
Харин Сомали улстай хөрш зэргэлдээ Этиоп болон Кени улсын армийн цэргүүд тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч Аль Шабаабтай дайтах болсноор энэ байдал хязгаарлагдаж эхэлсэн билээ.
Өнгөрсөн хэд хоногийн ширүүн тулааны дараа Этиоп, Сомалийн армийн цэргүүд Аль Шабаабын дайчдыг Эл Бурын ойролцоо бутцохисноор ийнхүү байдлыг хяналтдаа авах нөхцөлийг бүрдүүлжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ