Барак Обама Хятад, Оросыг ятгаж чадлаа

img

Сөүлд 53 орны тэргүүнүүд, төлөөлөгчид хоёр дахь өдрөө чуулж байна. Хүн төрөлхтөний өмнө тулгамдаад буй цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх асуудлыг хөндөх уг чуулган Өмнөд Солонгост зохион байгуулагдаж буй нь ч учиртай. Дэлхийн улс гүрнүүдээс цөмийн зэвсгийн хамгийн их дарамтанд байдаг, хаана ч байхгүй хэмжээний цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсэж биесийнхээ өөдөөс байнгын буу шагайсан бүс бол яахын аргагүй Солонгосын хойг билээ. Тиймээс дэлхийн улс гүрнүүд Солонгосын хойгийг сонгон чуулж байна. Энэхүү чуулга уулзалт нь БНАСАУ-ын пуужин ашиглан сансарт хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг олон улсад зарласны дараа хийгдэж буйгаараа мөн онцлог. Хэдийгээр АНУ болон Хойд Солонгосын тал хэлэлцээрээр нааштай шийдэлд хүрч улмаар ардчилсан солонгосчууд цөмийн хөтөлбөрөө түр зогсоож олон улсын шинжээчдийг улсдаа нэвтрүүлэх, хариуд нь америкчууд хүнсний тусламж үзүүлэхээр тогтсон ч хиймэл дагуулын асуудал дахиад л бүс нутгийн дипломат тэмцлийг өдөөж орхисон билээ. Дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгосын анхны ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой тохиох юм. Энэ ойд тус улсаас сансарт хиймэл дагуул хөөргөх тухайгаа одоогийн удирдагч Ким Чен Ун зарлаад байгаа. Үүнийг Япон улс эрс эсэргүүцэж хэрэв тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдолд шууд устгах тухайгаа мэдэгдээд буй. Үүнтэй Өмнөд Солонгосын тал ч мөн санал нийлж буйгаа илэрхийлэн Умардын хиймэл дагуул хөөргөх пуужинг устгахаа уржигдар буюу чуулган эхлэхийн өмнөхөн хэвлэлүүдээр зарласан билээ. Үүсээд буй нөхцөл байдал ийнхүү чуулган дээр хөндөгдөх гол асуудлуудын нэг болох нь тодорхой юм. Өчигдрийн байдлаар чуулганы анхны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй 90 минутын турш уулзалдаж яриа өрнүүлсэн. Мэдээж хэрэг хоёр гүрний төрийн тэргүүнүүд чуулганыг сурвалжлахаар хуран цугласан 3000 орчим хэвлэлийнхний анхаарлын төвд байсан нь ойлгомжтой. Дэлхийд цөмийн зэвсэг эзэмшилт болон, цөмийн эрчим хүчний хэрэглээгээрээ толгой цохидог хоёр орны төрийн тэргүүнүүдийн ойлголцлоос их зүйл шалтгаалах нь ч тодорхой. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн тухай үгсийг яриандаа хавчуулж, сонгуулийн дараа би улам уян хатан бодлого баримтлах болно зэрэг зүйлсийг Д.Медведевт хандан ярьсан нь хэвлэлийнхний анхаарлыг татаад байна. Үүнээс харахад ерөнхийлөгч Обама ирэх сонгуульд ялагчаар тодорно гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд "ирэх дөрвөн жилд би байсаар байх учир одоо хэлж буй миний үгс АНУ-ыг төлөөлж хойшид ч үнэ цэнэтэй хэвээр байх болно" гэдгийг Д.Медведевт сануулсан үгс хэмээн олон улсын ажиглагчид тэмдэглэж болно. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хувьд саяхан болж өнгөрсөн сонгуулиар Нэгдсэн Орос намаас ялалт байгуулсан Владимир Путинд ирэх тавдугаар сард албан ёсоор халаагаа өгөх юм. Тиймээс Медведевт хэлж буй үгс нь Путинд хэлж буйгаас ялгаагүй гэж ойлгож болно. Хоёр гүрний төрийн тэргүүнүүд цөмийн зэвсгийг хорогдуулах, Умард Солонгос болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд нэгдсэн байр суурьтай болох нь олон улсын тавцанд нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр гүрний геополитикийн өрсөлдөөн дэлхийн халуун цэгүүдийг улам хөөрөгдөж байна хэмээн ажиглагчид бичдэг. Одоо цагт хүн төрөлхтөний хамгийн халуун цэг нь яах аргагүй Сири улс. Тиймээс Сирийн асуудал хоёр гүрний тэргүүнүүдийн уулзалтад дурдагдсан тухай хэвлэлүүд бичиж байна. Мөн Цагаан ордны зүгээс  америкчууд Умард Солонгосын сансарт хөөргөх хиймэл дагуул нь цаагуураа тив алгасагч баллистик пуужингийн туршилт хэмээн сэжиглэж байгаа, тийм ч учраас энэ асуудалд хориг тавихад дэмжихийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевээс Барак Обама хүслээ. 90 минут гаруй ярилцсаны үр дүнд Сири болон Умард Солонгосын асуудал дээр зохих ойлголцолд хүрч чадсан хэмээн манай хойд хөршийн "Интерфакс" мэдээллийн агентлаг уламжилжээ. Үүнээс үзэхэд АНУ Өмнөд Солонгос болон Японы шахалтаар Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, урьд нь амласан хүнсний тусламжаа зогсоох төдийгүй Умардын хиймэл дагуулыг замд нь устгаж ч болзошгүй байдалд хүрчээ. ОХУ-ын дэмжлэгийг авснаар Америкчууд энэ асуудал дээр хатуу байр суурин дээр зогсох болно. Зарим хэвлэлүүд дээр ОХУ Сирийн асуудалд илүүтэй анхаарлаа хандуулж, харин Умард Солонгосын эсрэг АНУ-ын хоригуудыг оросууд саад учруулахгүй байх тохиролцоо чуулганы өмнө тус улсын холбогдох өндөр албан тушаалтнууд хийсэн ба энэ тохиролцоог Сөүлд болох чуулганы үеэр хийх хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар баталгаажуулна хэмээн бичиж байсан юм.  Энэ нь ч үнэний ортой болох нь өчигдөр батлагдлаа. Барак Обама Д.Медведевтэй уулзаад зогссонгүй улмаар Хятадын удирдагч Ху Жинтаотой өчигдөр уулзалт ярилцлага хийсэн. Хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын тулгамдсан асуудлууд болон стратегийн давшилтат болон довтолгооны зэвсгийг хязгаарлах шинэ гэрээ байгуулах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэх тухай Ху Жинтао, Барак Обама нар харилцан ярилцсан хэмээн хэвлэлүүдэд тэдний уулзалтын тухай мэдээлжээ. Гэсэн ч тэдний уулзалтын гол сэдэв нь мөн л Пхеньяны  хөөргөх хиймэл дагуул байлаа. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Пхеньяныг зөрчихгүй байхыг шаардах тал дээр нэгдмэл байж, анхааруулга өгөхийг харилцан дэмжсэн нь уулзалтын гол үр дүн хэмээн олон улсын ажиглагчид бичжээ. Ийнхүү Пхеньяны гол тулгуур болсон ОХУ, БНХАУ Цагаан ордны тэргүүний тавьсан саналд уян хатан хандаж, Умард Солонгосын эсрэг байр суурьт нэгдэж эхэлснээр их удирдагчийнхаа 100 жилийн ойд зориулан хиймэл дагуул хөөргөх ардчилсан солонгосчуудын төлөвлөгөө нуман тулгуурт орж эхлэв бололтой. Хэрэвзээ Барак Обамагийн шахалтаар Умард Солонгос хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө зогсоовол Цагаан ордны тэргүүний нэр хүнд олон улсад төдийгүй америкчуудын дунд ихээр өсөх нь тодорхой юм. Тиймээс энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамагийн ялах магадлал Умард Солонгосын асуудлыг хэрхэн зохицуулж чадахаас шууд биш учгаар хамааралтай аж. Харин Умардын залуу удирдагч Ким Чен Ун олон улсын анхны томоохон дарамт шахалтад автаж хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнөөсөө буцах уу гэдэг нь олон улсын сонирхлыг ихээхэн татаж эхэллээ. Сонирхолтой тоо баримт Цөмийн зэвсэг, энергийг хэрхэн ашиглах, хориглох, аюулгүй байдлын талаархи асуудлуудыг хэлэлцэж буй олон улсын тэргүүнүүдийн чуулга уулзалт дэлхий дахины анхаарлыг татаж байгаа энэ мөчид зарим сонирхолтой тоо баримтыг уншигч та бүхэнд сонирхуулья. Манай гариг дээр нийтдээ 20000 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа бөгөөд түүний тал хувь буюу 10000 орчим нь ОХУ-ын армийн зэвсэглэлд оногддог. Тэгвэл энэ салбарт анхдагч болох АНУ-ын зэвсэгт хүчинд 8500 орчим цөмийн цэнэгт хошуу бий. Энэ нь АНУ болон ОХУ-ын зэвсэглэлд дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн 85 гаруй хувь нь байгаа гэсэн үг юм. Мөн орос, америкийн цөмийн зэвсэг нь дэлхийн нийт хүн амыг 10 дахин устгах хүчин чадалтай хэмээн эрдэмтэд тооцоолсон байдаг. Цөмийн цэнэгт 300 гаруй хошууны тоогоор мөн л анхдагчдын нэг болох Франц улс гуравдугаар байрт бичигддэг байна. Үүний дараа манай урд хөрш Хятад 240 цөмийн цэнэгт хошуутайгаар бичигдэнэ. Энэхүү зурагт энэ талаар харуулсан байна. Өрнөдийнхний болон Өмнөд Солонгос, Японы толгойны өвчин болоод буй БНАСАУ гэхэд 10 орчим цөмийн цэнэгт хошуутай хэмээн энэ зурагт тэмдэглэгджээ. Тэгвэл Израйль улс албан ёсоор биш ч цөмийн зэвсэгтэй орнуудын жагсаалтал бичигддэг юм. Тун удахгүй энэ жагсаалтад Иран улс нэмэгдэж орж ирэх магадлалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хойт Солонгос овоо юмаа, Сем авга Луу Баавгайн өөдөөс сөрөн зосч чаддаг Манай хэдэн тэнэгууд эх орноо худалдаж хайшаа урваж хайш нь эхнэр хуухдээ явуулаад араар нь яаж банзалтах вэ гэж л бодно Ард тумэн минь тэсвэр дуусч нэгдэж эх орноо өмгөөлөх тэмцэлд нэгдэх болоогуй юу? ?????????????????????? Сэрээч дээ
2012-03-28
shady:
hervee hoid solongos huurguchuul yaana yaaj iigeeed ....semeerhen ch gehiinmu medegdehgui bjiigaad teguul yaah bol....neg evguitneeedeeee..deer bichsen shig OBAMA iin ner hund navs unahuu..?medkunmda soninl ym bolondooo hoid solongos tegj amarhan buuj uguh humuus bishee
2012-03-27
Ono:
Shan medee bnaa, tnx
2012-03-27
ANU mundag bgaagaas gadna hyatad ohu 2-t bas ashigtai nuhtsul bdal bii bolsnoos iinhuu shiidetsgeej bgaa bhaa. tanai site-n delhii medee haa ch ochij sain bh yumaa. amjilt
2012-03-27
Бахархал:
Сайхан юм өө, хүчтэй улсууд гэж, манай төрийн томчууд гэж эх орноо худалдахаас өөр юм байхгүй, тэр Ардчилсан Солонгосын удирдагч л гэхэд манай хэдийн дэргэд Дэлхийд данстай хүн юм даа. Япон Солонгосуудыг хар л даа , өөрсдийн агаарын зайгаар дайрч өнгөрөхийг ч зөвшөөрөхгүй устгана гэж байна. Хэ манайх бол устгах нь битгий хэл дайраад өнгөрснийг нь ч мэдэхгүй ахиж худалдах юу бна гэсэн шиг хувийн хэтэвчээ дүүргэхээ л бодно.
2012-03-27
Сайхан юм өө, хүчтэй улсууд гэж, манай төрийн томчууд гэж эх орноо худалдахаас өөр юм байхгүй, тэр Ардчилсан Солонгосын удирдагч л гэхэд манай хэдийн дэргэд Дэлхийд данстай хүн юм даа. Япон Солонгосуудыг хар л даа , өөрсдийн агаарын зайгаар дайрч өнгөрөхийг ч зөвшөөрөхгүй устгана гэж байна. Хэ манайх бол устгах нь битгий хэл дайраад өнгөрснийг нь ч мэдэхгүй ахиж худалдах юу бна гэсэн шиг хувийн хэтэвчээ дүүргэхээ л бодно.
2012-03-27
Baagii:
Ovoo sh dee gaigui orchuulaad tavichij Sain baina
2012-03-27