
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Вант Улсын Гадаад хэргийн яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Шведийн Вант Улсын нийслэл Стокгольм хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Шведийн талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Франк Бельфраж нар тэргүүлсэн бөгөөд Монгол улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Шведийн ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Хенрик Седерин, Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ларс Андерссон, Ардчиллын асуудал эрхэлсэн Элчин сайд хатагтай Мариа Лейсснер, Зүүн Азийн тасгийн дарга Маттиас Чху зэрэг хоёр талын албаны хүмүүс оролцов.
Монгол, Шведийн хоорондох худалдаа 2011 оны байдлаар өмнөх оныхоос гурав дахин өсч 49 сая ам. долларт хүрсэний дотор Монголын тал автомашин, уул уурхайн техник, цахилгаан хэрэгсэл худалдан авсан. Шведийн Олон улсын хөгжлийн байгууллага (СИДА)–аас сүүлийн 20 орчим жил Монгол улсад 30 сая орчим ам.долларын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлсэн. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад чухал үүрэг гүйцэтгэсэн Шведийн Засгийн газрын энэхүү тусламжийг тус улсын Засгийн газар өндөр үнэлж байгааг зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд Г.Тэнгэр уламжилж талархал илэрхийлсний зэрэгцээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын ажил хэргийн хэлхээ холбоог идэвхжүүлэх үүднээс Шведийн Вант Улсын Парламентын дарга Пер Эрик Гуннар, Гадаад хэргийн сайд Карл Билдт нарыг Монгол улсад айлчлахыг урьсныг уламжилж, урилгыг гардуулав.
Дэд сайд Стокгольмд байрладаг Энхийн судалгааны олон улсын Хүрээлэнгийн захирал Др. Бейтс Гилл, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн, Шведийн Социал Демократ Намын Нарийн бичгийн дарга хатагтай Анн Линде нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодол солилцсоны дотор ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын орнуудын Байгаль орчны сайд нарын бага хурлыг хамтран зохион байгуулах талаар ярилцав. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч улсын хувиар тавдугаар сард өөрийн оронд зохион байгуулах ардчиллын боловсролын асуудлаарх олон улсын семинарын талаар мэдээлж, ардчилал, сонгуулийн тогтолцоо, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудаар дурдсан байгууллага, хүрээлэнгүүдтэй хамтран сургалт семинар зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх тохиролцоонд хүрчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ