
Уржигдар Америкийн Калифорни мужийн Сил Бич хэмээх жижиг хотод найман хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Сил Бичийн нэгэн үсчин, гоо сайхны газар гэмт этгээд орж, нүдэндээ харагдсан бүх хүн рүү гал нээснээс зургаан эмэгтэй, хоёр эрэгтэй амь үрэгдсэн юм.
Цагдаа нар гэмт хэргийг үйлдсэн этгээдийн ам зургийг гаргамагцаа тус үсчний газар ажиллаж байсан нэгэн бүсгүйн нөхөр байж болохыг тааварлажээ. Ингээд сэжигтэн 42 настай Скот Эванс Декрааяг удалгүй баривчилсан байна. Скот цагдаа нарыг баривчлахад ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Одоогоор цагдаа нар Декрааяг эхнэрээсээ хоёр жилийн өмнө салахдаа долоон настай хүүгээ өөр дээрээ авахыг хүссэнээс хэрэг үүдсэн байж магадгүй гэж таамаглаж буй ажээ. Хэдийгээр анхан шатны шүүх Декрааяд хүүг нь асран халамжлуулахаар өгсөн ч хуучин эхнэр нь давж заалдсаар өдийг хүрчээ. Декрааяг үсчний газар аллага үйлдсэн тэр өдөр шүүхийн шийдвэр гарсан байж болох гэнэ. Хүүгээ өөр дээрээ авах эрхгүй болсноо мэдсэн Декраая эхнэр болон тэнд ажилладаг хэн нэгнээс өшөө авах гэж очсон байж болох юм байна.
Декрааяг хөршүүд нь их тайван хүн гэж мэдүүлж буй бөгөөд хүүтэйгээ хөлбөмбөг тоглох тун дуртай гэдгийг онцолж байжээ.
Гэхдээ одоогоор Декрааягийн хэрэгтэн гэдгийг бүрэн нотолж, тогтоогоогүй байгаа юм. Амь үрэгдсэн найман хүн дотор хуучин эхнэр нь байсан эсэхийг ч цагдаа нар тодорхой мэдээлэхээс татгалзсан байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ