Афганистанаас монгол цэргээ эргүүлэн татах хэрэгтэй бус уу
Энэ сарын дундуур Афганистанд алба хааж буй АНУ-ын цэргүүд лалын шашинтнуудын ариун Коран судрыг шатаасан, мөн 17 энгийн иргэнийг хоморголон хөнөөсөн аймшигт хэрэг гарсан зэрэг үйл явдлуудын улмаас тус улсын байдал улам дордоод байгаа билээ. Афганистанд алба хааж буй америкийн төдийгүй гадаадын цэргүүдийг үзэн ядах хандлага афганы энгийн иргэдээс гадна тус улсын засгийн газрын армийн цэргүүдэд ч шингэж байгаа аж. Үүний нэг жишээ болсон халдлага өчигдөр гарсан байна. Афганистаны армийн хэсэг цэрэг эвслийн цэргийн хүчний гурван албан хаагчийг буудан алсан хэрэг гарчээ. 2014 он гэхэд АНУ болон эвслийн цэргүүд тус улсын нутаг дэвсгэрээс гарах юм. Гэтэл хоёр жил дутуу байхад афганистанд гадаадынхныг үзэн ядах байдал асар хүчтэй болоод буй нь тус улсад алба хааж буй гадаадын цэргийн албан хаагчдын аюулгүй байдлыг хүнд нөхцөлд оруулаад байгаа юм. Сүүлийн үед талибаны зэвсэгт дайчид болон тэднийг дэмждэг энгийн иргэд, гэр бүл найз нөхдөө дайны хөлд алдсан хүмүүсийн халдлагаар зогсохгүй америк болон эвслийн цэргүүдтэй хамт алба хааж буй афганистаны засгийн газрын цэргүүд ийнхүү эргээд тэдэн рүү буу шагайж эхэлсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Нэг ёсондоо америк зэвсгээр зэвсэглэгдсэн афган цэргүүд эргээд тэр зэвсгээр нь америкчуудыг хөнөөж эхэллээ гэсэн үг юм. Хэвлэлүүдэд олон улсын ажиглагчдын бичиж буйгаар бол Афганистанд байдал ийнхүү хүндэрч буй нь америк цэргүүдийн өөрсдийнх нь үйлдлээс болж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж. Мөн америк цэргүүд өдөр болгон дэлбэрэлт халдлагад өртөж анд нөхдөө, дарга цэргээ алдсаар байгаа нь тэдний сэтгэл санаанд хүчтэйгээр нөлөөлж буй бөгөөд энэ нь дайныг дуусгахын төлөө ямар ч байдал үүсгэхээс буцахгүй болсон, сэтгэл санааны хүнд дарамтанд орсноос аймшигт хэрэг үйлдэж байгаа зэргээс ажиглагдаж байгаа юм. Тус улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас зарим эвслийн улсууд цэргээ эргүүлэн татах шийдвэрийг гаргаад буй. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Афганистан дахь халдлага, дэлбэрэлтийн тоо улам ихсэж нөхцөл байдал хүндэрч буй мөчид цэргийнхээ тоог улам нэмж, дайны талбар луу илгээж буй нь зөв шийдвэр эсэхийг эргэн харж үзэх хэрэгтэй баймаар. Аль ч улсын гэлтгүй америкчуудын гар хөл болж буй гадаадын цэргүүд төдийгүй энгийн иргэдийг хүртэл хороох уриалга афганистан даяар тархсаар байна. Энэ мөчид монгол цэргүүдийн амь насанд аюул учрахгүй гэх баталгаа байхгүй болсоор л. Учир нь монгол цэргүүд маань терроризмыг дарах нэрийн дор тус улсад халдан орсон америкчуудын хавсарга хүчин болж үүрэг гүйцэтгэж байгаа юм. TIME сэтгүүлд нийтлэгдсэн афганистаны засгийн газрын армийн цэргүүдийн гэрэл зургуудыг дор нийтэллээ. Тэд талибан хүчнийхэн болон афганы ард түмнийхээ талд орж гадаадын цэргүүдийн эсрэг буу шагайж эхэлжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ