
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өчигдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. “Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV” төслийн нэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг загвар болгон шинэлчилж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд тус эмнэлэгт олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх аж. Эрүүл мэндийн сайд төслийн ажлыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Галсанцэдэн, “Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV” төслийн удирдагч Ж.Алтантуяа болон бусад албаны хүмүүсийн хамт эмнэлгийн тасаг нэгжүүдээр орж нөхцөл байдалтай танилцав. Тус эмнэлэгтэй танилцсаны дүнд загвар эмнэлэг болгоход нэн тэргүүнд 450 ортой эмнэлгийн шинэ барилга барих шаардлагатай байгааг Сангийн яамаар дамжуулан АХБ-д уламжилж шийдүүлэх талаар ярилцаж, холбогдох хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгөв.
Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дүүргийн нэгдсэн эмнэлгийг долоогоос доошгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг болгон бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж, үйл ажиллагааг нь явуулахаар тусгасан аж. Хуулинд тусгаснаар дүүргийн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал-гэмтэл, төрөх эмэгтэйчүүд, хавдар, халдварт, сэтгэцийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тогтолцоонд шилжин үйл ажиллагаа явуулдаг болно. СХД-ийн Нэгдсэн эмнэлэг жишиг эмнэлэг болсноор энэ тогтолцоонд нийтээрээ шилжин иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, зардал багатай, түргэн шуурхай болгоход том түлхэц үзүүлэх ажээ. Эрүүл мэндийн сайд мөн энэ үеэр Сонгинохайрхан дүүрэгт шинээр нээгдэн ажиллаж байгаа Яаралтай тусламжийн төвийн салбараар оров. Удахгүй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд ийм төв нээгдэн ажиллаж эхлэх бөгөөд Нэгдсэн эмнэлэгтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулан шинэ дэвшилтэт зохион байгуулалтаар ажиллах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ