
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Нэгдүгээр амаржих газарт Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өчигдөр ажиллаж, тус эмнэлгийн шинээр баригдаж буй өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Тус амаржих газрын өргөтгөлийн барилгыг энэ оны долдугаар сарын сүүлчээр ашиглалтанд өгнө гэдгээ хариуцаж байгаа албаны хүмүүс нь мэдэгдэв.
Харин амаржих газрын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн хоолойг барилгад суулгаж өгөх, шинэ хуучин барилгыг нэгдсэн камер, дохиолол хамгаалалтын төхөөрөмжтэй болгох, цахилгаан шатыг сайжруулах зэрэг бусад тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд нэмэгдэл хөрөнгө мөнгө хэрэгтэй байгааг Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяр болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл сайдад танилцуулсан.
Эрүүл мэндийн сайд тус амаржих газрын барилгын өргөтгөлийн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ЭМЯ-ны СХОГ, СБТГ, Барилга захиалагчийн алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нэгдүгээр амаржих газрын төлөөллийг оролцуулан ашиглалтанд өгөх хугацааг хойш таталгүй тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгов.

Эрүүл мэндийн сайд энэ үеэр Амаржих газрын Төрсөн эхчүүдийн тасаг, Сэхээн амьдруулах тасгаар оров. Эрүүл мэндийн сайд энд ажиллах үеэрээ мөн Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой эх хүүхдийн эмнэлэг, Гуравдугаар амаржих газрын барилгын ажил ямар шатанд явж байгаа болон тулгамдсан асуудлуудын талаар ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Н.Бат-Эрдэнийн мэдээллийг холбогдох хүмүүсийн хамт сонсож, санал солилцон үүрэг даалгавар өглөө.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ