А.Цэдэнсодном: 2-4 эрх авахын төлөө явж байна

img

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномтой хийсэн ярилцлага               Казахстан улсын Астана хотод болох сонгон шалгаруулах тэмцээнд ямар зорилго тавьж байгаа вэ? Эрэгтэй чөлөөт бөхийн 7 жинд, эмэгтэй чөлөөт бөхийн 4 жинд нийт 11 жингээр олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн болно. Өнгөрсөн онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-эд эрэгтэй чөлөөт бөхийн 72 кг-ийн жинд, эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд манайх олимпийн эрхээ аваад байна. Иймд одоо бидэнд нэмж 9 эрх авах шаардлагатай байна. Гурван сонгон шалгаруулах тэмцээнд тус бүрээс нь хоёр хоёр эрх авах зорилго байна. Түүн дотроо Астанад болох тэмцээнд 2-4 эрх авахын төлөө явж байна. 2008 онд Бээжин хотод болсон Зуны олимпийн наадамд тус бүр 3 эрэгтэй, эмэгтэй, нийт 6 бөх оролцож байсан. Бид тэр тоог ахиулахын төлөө явж байна. Аль болох олон бөх оролцуулна төдий чинээ амжилт гаргах магадлал нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.             Энэ тэмцээнд оролцох бөхчүүдээ хэрхэн сонгов, ДАШТ-нээс олимпийн эрх авч чадаагүй бөхчүүдээ үлдээсэн юм уу? Яг тэгж ойлгож болохгүй, Астанад болох тэмцээний бэлтгэлд олон бөх оролцсон. Он гараад манайд болсон “Mongolia-Open 2012” тэмцээн, гадаадад И.Ярыгиний, Тахтийн, Яшар Догугийн, Киевийн олон улсын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ бараг бүгдийг нь ээлж дараатай оролцуулж бэлтгэлжилтийн байдлыг нь харлаа. Гэхдээ Астанад болох сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн гадаадын бөхчүүдийн нэрсийг харж байгаад барилдах бөхчүүдээ дасгалжуулагч бид нар ярилцаж байж сонгосон юм. Тухайн гадаадын бөхтэй манай хэн гэдэг бөх хэзээ ямар тэмцээнд хэрхэн барилдаж байсныг нь гол шалгуур болгосон. Өөрөөр хэлбэл тухайн гадаадын бөхтэй гар зөрүүлж урьд нь ялж байсан эсэх, барилдааны онцлогийг нь мэддэг бөхийг нь сонгосон юм. Хэдэнтээ ялагдаж байсан бөхийг нь авч очоод хэрэггүй биз дээ.             Та бүхэнд амжилт хүсье. А.Алт    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэсээртээ баяр хүргэе
2012-03-28