Аваргуудын лигийн өнгөрсөн шөнийн тоглолтууд

img

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын шатан дахь хоёр тоглолт боллоо. Английн клубуудын цор ганц төлөөлөл болж үлдсэн Челси клуб шөвгийн 16-д италийн Наполиг хариу тоглолтод чухал ялалт байгуулан хожсон билээ. Улмаар энэ шатанд португалийн Бенфикатай таарч Estadio da Luz цэнгэлдэхэд цэнхэр өмсгөлтнүүд өчигдөр шөнө зочиллоо. Тоглолтын эхний хагаст талбайн эзэд болон зочид эн тэнцүүхэн өрсөлдсөн боловч гоол ороогүй юм. Челсигээс Раул Мерилеш, Бенфикагаас Бруно Сезар нар шар хуудсаар торгуулж эхний хагас өндөрлөсөн. Хоёрдугаар хагасын дунд хүртэл хоёр клуб тоглолтын санаачлагыг гартаа авахаар өрсөлдөж байсан ч эхний үеэс ялгарсан тоглолт үзүүлж чадахгүй л байлаа. Тоглолтын 75 дахь минутад сөрөг довтолгооноос Торресын дамжуулалтаар Соломон Калу гоолдсоноор энэ тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэж болно. Улмаар цэнхэр өмсгөлтнүүд давуу байдлаа хамгаалан үе үе сөрөг довтолгоо хийж, Бенфика тоог тэнцүүлэхээр шаргуу оролдсоор тоглолтын цаг дууссан юм. Ийнхүү шөвгийн наймын эхний тоглолтдоо Челси өрсөлдөгчийнхөө талбайд зочлон Соломон Калугийн гоолоор буулган авлаа. Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 4-нд Лондоны Стэмфорд Бридж цэнгэлдэхэд болно. Өөрийн талбай дээр хожигдох эрхгүй тул Челси клуб дараагийн шатанд шалгарах нь тодорхой болж байх шиг. Ингэснээр Челси клуб шөвгийн дөрөвт Барселона болон Милан клубуудын хожсонтой учраа таарах болно. Тэднийг хатуухан учраа хүлээж буй нь мэдээж. Гэсэн ч Челсигийн хал цэрэг Роберто ди Матеогийн залуус ирэх сарын 4-нд болох хариу тоглолтдоо гол анхаарлаа хандуулж байгаа бизээ. Роберто ди Матео ч үүнийг өнгөрсөн шөнийн тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Өчигдөр шөнө болсон өөр нэгэн тоглолт нь энэ улирлын Аваргуудын лигт өрсөлдөгчийнхөө талбай дээр хожигдолгүй яваа испанийн эзэн хааны Реал Мадрид болон киприйн АПОЕЛ клубуудын хоорондох тоглолт байлаа. АПОЕЛ-ын талбайд хийсэн тоглолтод Реал Мадрид 3:0-ээр өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авлаа. Аваргуудын лигийн цомын төлөө өрсөлдөх, магадгүй Эл Классико үзүүлж мэднэ хэмээн Жозе Моуриньогийн цэргүүдийг хөлбөмбөгийн хорхойтнууд таамаглаж буй. Энэ таамаглалыг ч Реалынхан эвдэхийг хүссэнгүй, энэ улиралд гайхалтай буй Карим Бензима тоглолтын 74, 90 дэх минутад, Кака 82 дахь минутад тус тус өрсөлдөгчийнхөө хаалганд гоол шигтгэсэн. Энэ хоёр клубын хариу тоглолт дөрөвдүгээр сарын 4-нд Сантьяго Бернабау цэнгэлдэхэд болно. Ямартай ч Реал Мадрид энэ шатанд бүдрэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тиймээс францын Марсель, германы Байерн Мюнхен клубуудын хожсонтой шөвгийн дөрөвт хайртай тоглогчдоо тулахыг Реалын фэнүүд  харах болох нь. Энэ шатны нөгөө хоёр учраа болох францын Марсель-германы Байерн Мюнхен, испанийн Барселона-италийн Милан клубуудын цусгүй тулаан өнөө шөнө болно. Марсель, Милан клубууд өрсөлдөгчдөө өөрийн талбай дээрээ хүлээн авах болно. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лампардыг зодог тайлуулаад дасгалжуулагч болго Абра!
2012-03-28