
Афганистан улсын Кабул хотноо “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцсон цэргийн багийн эхний ээлж өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Энхийг сахиулагчдыг угтан авах ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцов.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Хүн төрөлхтөний амин өлгий болох эх дэлхийнхээ энх амгалангийн төлөөх ариун үйлсэд Эх орон, ард түмэн, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцож, үүргээ нэр төртэйгээр биелүүлээд эх орондоо бахархал дүүрэн, эсэн мэнд хүрэлцэн ирсэнд талархаж байна. Эрсдэл түгшүүр, ээдрээ будлиан газар авсан Афганистан улсад олон улсын цэргийн ажиллагаанд оролцон эх орноосоо алсад, цагийн байдал, байгаль цаг уурын бэрхшээлийг үл ажран эр зориг, тэсвэр хатуужил, цэрэг эрийн журамт үүргийг сэтгэл хоёрдолгүй биелүүлж ирсэнд Та бүхний ар гэрийнхэн, аав ээж, эхнэр хүүхэд төдийгүй БХЯ, ЗХЖШ, ангийн салбарынхан чинь хүндэтгэлтэйгээр бахархаж байна. Ирэх тавдугаар сард НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 10 жилийн ой тохионо. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж чадсан 6000 гаруй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудын баярыг улс орон даяар ёслон тэмдэглэнэ. Энэ үеэр та бүхэн ч үүргээ нэр төртэй гүйцэтгэснийхээ төлөө төрийнхөө дээд шагнал, одон медалыг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус улсад үүрэг гүйцэтгээд ирж буй энэ удаагийн цэргийн баг 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэсэн аж. Харин цэргийн багийг Зэвсэгт хүчний 084 ангийн штабын дарга, дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэл удирдан үүрэг гүйцэтгэсэн байна. Тэд энэ хугацаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээ, их бууны сургалтыг зохион байгуулж, тус улсын цэргийн багийг чадавхижуулах үүрэг хүлээж байжээ.

Цэргийн багийн дарга Ч.Түмэндэмбэрэл “Афганистан улсад цагийн байдал тогтворгүй байгаа гэдгийг хэвлэл мэдээлэл, олон улсын мэдээгээр сонсож байгаа болов уу. Гэхдээ бидний хувьд энхийг сахиулах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж, үүргээ амжилттай биелүүлээд ирлээ. Монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбаа үүргээ амжилттай биелүүлэхэд чухал үүрэгтэй ч эх орон, элгэн садан та бүхний маань халуун сэтгэл биднийг үргэлж тэтгэж явдагт талархаж байна”.
Энхийг сахиулагчдыг угтан авах ёслолын дараа цэргийн багийнхан Зэвсэгт хүчний 150 ангийг зорьсон юм. Тус ангид энхийг сахиулагчдийн ар гэрийнхэн тэднийг угтан авахаар хүлээж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ