С.Баяр: Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.30 цагт Цагдан хорих төвд эхэлсэн юм. Хорих төвийн үүдэнд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 30 гаруй албан хаагч хэв журам сахиулахаар ирсэн байв. Хурлыг явуулах шүүгчдийн бүрэлдэхүүн болох Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар хурал товлогдсон цагаас арав гаруй минутын өмнө ирсэн бол улсын яллагч С.Хишигжаргал хохирогчдын төлөөлөл Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж Г.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү Н.Хэрлэн нар ирэв. Тэднээс гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар шүүх хуралд оролцохоор ирсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нараас Г.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр, Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Ш.Батсүхийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү нар оролцлоо. Харин 2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар шүүхийн танхим рүү орсон юм. Сэтгүүлчдийг ялгаварлав Шүүх хурлын мэдээллийг олон нийтэд хүргэхээр цугларсан сэтгүүлчдээс хоёрхон телевизийг дотогш нэвтрүүлсэн нь тэнд цугласан олныг бухимдуулахад хүргэсэн юм. Үйл явдал өрнөж Цагдан хорих төвийн гаднах талбайд цугласан олон “Сэтгүүлчдийг оруул, ард түмэнд нээлттэй мэдээллийг хүргэ” хэмээн дуу нэгтэй хашгирсаар үдийн 11.30 цагтай золгов. Энэ үеэр экс Ерөнхийлөгч шүүхийн танхимаас гарч ирэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.Тэрбээр дотогш нэвтэрч гэрчийн мэдүүлэг өгөхөөр дуудсан цагт ирэх болно гэсэн баримтад гарын үсэг зуран гарч ирсэн гэдгээ хэллээ. Энэ үеэр ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал шударга болж чадаж байна уу, та юу гэж бодож байна?
-Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан зөвхөн тэр үеийн цагдаагийн удирдлагууд болох эдгээр хүмүүсийг шүүхээс яллах гэж байгаа нь буруу юм. Тэр үед энэ үйл явдалд идэвхтэй оролцож байсан улстөрийн намууд, улстөрчдийг мөн энэ шүүх хуралд хамруулан үнэн мөнийг тогтоох ёстой юм. Тэгэхгүй бол тэр үеийн цагдаагийн удирдлагууд буруутан болж яллагдаад ард нь жинхэнэ зохион байгуулсан, үүрэг өгсөн эзэд нь гэм зэмгүй нуугдаж үлдэх боломжтой юм. Үүнийг л зогсоох ёстой. Тиймээс би гэрчийн мэдүүлэг өгөхөөр энэ хуралд оролцохоор ирсэн.
-Өнгөрсөн 14-ний өдөр Сүхбаатар дүүрэгт болсон шүүх хуралд та яагаад ирээгүй вэ?
-Би тэр хуралд оролцож гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байсан. Харин намайг дуудаагүй. Тэгээд тэр хурал цуцлагдсаныг та бүхэн өөрсдөө харсан байх аа.
-Шүүх хуралд сэтгүүлчдийг оруулахгүй байна. Дотор ямар үйл явдал болж байна?
-Сэтгүүлчдийг ямар учраас шүүх хуралд оруулахгүй байгааг ойлгохгүй байна. Уг нь долдугаар сарын 1-ний үйл явдал ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн учраас энэхүү шүүх үйл явцыг ч мөн адил ард түмний нүдэн дээр нуух хаах зүйлгүй шийдэх хэрэгтэй юм. Сая би дотор ороод дуудсан цагт шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой хэмээн шүүхийн баримтад гарын үсэг зураад гарч ирлээ. Мөн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар ч миний адил гарын үсэг зурах шиг боллоо.
-Долдугаар сарын 1-ний хэрэгт таны зүгээс цагдаагийн өмнөх удирдлагуудыг буруугүй гэж үзэж байна уу?
-Буруутай, буруугүйг шүүх шударгаар шийдэх ёстой. Шүүх шударгаар шийдэж буйг ард түмэн илээр харах учиртай. Миний зүгээс эдгээр хүмүүсийг хэн нэгний өмнөөс золиослогдох вий хэмээн сэтгэл зовниж байгаа. Ард нь байгаа жинхэнэ буруутнууд ил гарч ард түмэн, шүүхийн өмнө буруугаа хүлээх цаг болсон гэж бодож байна. Миний хувьд шүүхийн өмнө тавьсан тангарагын дагуу тэр үед болж өнгөрсөн бүх зүйлийг гэрчээр мэдүүлэх болно.
-Таныг тэр үеийн үйл явдлын зохион байгуулахад гар бие оролцсон гэх хардлага нийгэмд яваад байгаа. Энэ талаар?
-Энэ асуудлыг би өдгөөг хүртэл тайлбарлаж хэлсээр ирсэн. Үүнд би хариулмааргүй байна.
Экс Ерөнхийлөгч сэтгүүлчдэд яриа өгсний дараагаар шүүх танхим дотроос эх сурвалжийн зарим нэг мэдээлэл ирсэн юм. Тухайлбал шүүх хурал эхэлснээс хойш шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тавьсан боловч шүүгчид хүлээж аваагүй. Түүнчлэн Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг 30 гаруй минут албадан саатуулсан зэрэг мэдээллүүд дотроос ирж байлаа. Учрыг тодруулбал шүүгдэгч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Түүнчлэн цагдаагийн экс дарга нарт үүсгэсэн эрүүгийн зүйл анги Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандан маргаан үүсгэсэн байтал хэргийг түдгэлзүүлэхгүй шүүх гэж буйг буруу гэж байр сууриа илэрхийлсэн өмгөөлөгч нарын эрхэнд шүүгчид халдсан гэж байв.
С.Баяр: Элдэв балай юм ярьж байна лээ
-Цагдаагийн ажилтнуудыг золиос болгож хэлмэгдүүлж байна гэх шүүмжлэл нийгэмд маш их байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй гэж олон хүн хэлж байна. Үүнтэй би бүрэн дүүрэн санаа нийлнэ. Тиймээс ч шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирлээ. Өмнө нь буюу энэ сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хурлын үеэр гэрчээр оролцоход бэлэн байсан. Гэвч шүүх хурал хойшилсон. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг шүүх хуралд ирж гэрчийн мэдүүлгээ өгсөнгүй гэсэн утгатай элдэв балай юм их ярьж байна лээ.
Шүүх хурлын танхимаас өмгөөлөгч нар гарч ирэн мэдээлэл өгч байсан бол хохирогчоор оролцсон Ц.Энхбаяр хорихын хашаанаас гарч ирсэнтэй таарч зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр гарав уу?
-Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд үйлчлүүлэгчдээ эрхзүйн туслалцаа үзүүлэхгүй боломжгүй гэсэн хүсэлтийг гаргасан учраас шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
- Хохирогчид бүгд оролцсон уу?
-Дийлэнх нь шүүх хуралд ирсэн байна лээ. Би өмгөөлөгч О.Баасанхүүгийн хамт хуралд оролцлоо.
Ийн олон нийтийн анхаарлын төвд байж басхүү хүлээлт, эмзэглэл дагуулсан долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн шүүх хурал гурван ч удаа товлогдон хойшиллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэнэ.
Н.Түвшин, Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ