
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг эрүүл мэндийн салбарт хөгжүүлж, Анагаах ухааны их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах уулзалт ярилцлага өнөөдөр Чингис хаан зочид буудалд боллоо.
Уулзалтанд ЭМЯ, НХХЯ, БСШУЯ, Сэргээн засалтын үндэсний төв, ЭМШУИС, Эрүүл мэндийн технологийн сургууль, Боловсролын их сургууль, Ач, Монос, Этүгэн, Биеийн тамирын дээд сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын удирдлагууд болон “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Монгол улсын Эрүүл мэндийн яам, Италийн АИФО төрийн бус байгууллагатай хамтарч Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийг 1991 оноос хойш хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын түвшинд хэрэгждэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах” уг хөтөлбөр 2010 оноос Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт хэрэгжиж эхэлсэн аж.
Уулзалтын үеэр дээрх сургуулиудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж гурван жилийн хугацаанд анагаах ухааны их, дээд сургуулиудын оюутнуудад өгөх хичээлийн хөтөлбөрийг боловсруулахаар боллоо. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийн илүү сайжирч үр дүнтэй болно хэмээн оролцогчид дүгнэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ