
БНСУ-ын “Эксим” банкнаас зээл авч “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна.
Зээл нь 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.
Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн барилга барьж, орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байна.
Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношлогооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм.
“Үндэсний оношлогоо, эмчилгээний төв”-ийг ашиглалтад оруулсны дараа БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийг авчирч тодорхой хугацаанд ажиллуулах, дотоодын боловсон хүчнээ давтан сургах, ур чадварыг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад чиглэл болгов.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ