35-аас дээш насныхныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл дэмжигдсэнгүй

img

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Нийгмийн даатгалын болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Төсөлд “Аж ахуйн нэгж байгууллагын 2-3 хувийн орон тоонд 35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг ажиллуулахаар тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ”Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд “35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг үндсэн ажилтнаар авч ажиллуулбал ажил олгогчоос сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар заасан нь ажил олгогч шимтгэл төлөхгүйн тулд зөвхөн дээрх насны хүмүүсийг ажилд авах, ажилд авсан хүнээ 35-аас дээш насных хэмээн хуурамчаар мэдүүлэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэхээр байна” гэж Засгийн газар үзлээ. Мөн УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үлмэдэх:
Батсуурь гишүүнд: Санал болгож буй хуулийн төслийг чинь ялгаварлах гадуурхахгүй байх эрх зүйн зарчмыг үндэслэн няцаажээ. Гэхдээ та хуулийн төслөө олон улсын хүний эрхийн эрх зүйн "affirmation action" буюу монгол хэлнээ алагчлалын эсрэг түр тусгай арга хэмжээ авах зарчмыг үндэслэн хамгаалж болох байсан. Энэ зарчим Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний агуулгад тусгагдсан байгаа. Мөн 2011 онд батлагдсан Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд энэ зарчим маш тодорхой тусгагдсан. Энэ зарчим товчхондоо бодит байдал дээр нийгмийн төрөл бүрийн хүчин зүйлээр болж ялгаварлах гадуурхагдаж байгаа хүмүүст бусадтай адил тэгш нөхцлийг бий болгоход чиглэгдсэн түр тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалтад тооцохгүй гэсэн агуулгатай. Хэрвээ таны санаачилсан хуулийг ийм үндэслэлээр дэмжихгүй байгаа бол яаж эмэгтэйчүүдэд сонгуульд нэр дэвших квот тогтоох тухай бодож болох билээ. Хууль тогтоогчид маань энэ мэт хүний эрхийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс, хууль зүйн их, дээд сургуулийн судлаачидтай хамтран ажиллаж байвал тустай байх даа.
2012-03-29